Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Лукашенкод туслах зэвсэгт хүчний тусгай бүлэг бэлэн болсныг Владимир Путин мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкод цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн болсноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгджээ.

Наймдугаар сарын 9-ний өдөр болсон сонгуулийн дараа Беларусь даяар Лукашенког огцрохыг шаардсан иргэдийн тэмцэл эхлээд байгаа билээ.

Хэрвээ нөхцөл байдал хүндэрвэл Беларусь руу илгээх хууль сахиулагчдын тусгай бүлгийг бэлдсэн байгаагаа Путин мэдэгдсэн юм.

“Экстремист элементүүд машин тэрэг, байр сууц, банкыг галдан шатааж, засаг захиргааны байрууд руу довтлох зэргээр нөхцөл байдал хяналтаас гарсан тохиолдолд зөвхөн үүнийг ашиглана” гэж Путин тайлбарласан байна.

Үүний хажуугаар тэр Минскийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэнд тайван замаар асуудлаа шийдэхийг уриалсан юм. Беларусьт асуудал байгаа учраас иргэд гудамжинд гарсан гэж бодож байгаагаа Путин бас хэлжээ. 

Беларусийн сөрөг хүчнийхэн төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх ажлыг зохион байгуулах Зохицуулах Зөвлөлийг байгуулснаа энэ долоо хоногт зарласан юм. Харин Лукашенко үүнийг төрийн эрхийг булаах оролдлого гэж үзээд гишүүдийг нь баривчилж, мэдүүлэг авах тушаал өгчээ.

Энэ тушаалын дагуу өчигдөр одоо гадаадад байгаа сөрөг хүчний нэр дэвшигч Тихановскаягийн туслах Мария Колесниковаг саатуулж, байцаасан байна. Өмнөх өдөр нь Зохицуулах Зөвлөлийн хамгийн нэр хүндтэй гишүүн, Нобелийн шагналт зохиолч Светлана Алексиевичийг мөн байцаасан юм.

Зөвлөлийн өөр хоёр гишүүнд зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан шалтгаанаар тус бүр 10 хоног хорих шийтгэл оноожээ.

Европын Холбооны гишүүн орнуудын Минск дэх элчин сайд нар өчигдөр хамтарсан мэдэгдэл гаргаж, Зохицуулах Зөвлөлийн гишүүдийн эсрэг ажиллагаа явуулж буй Лукашенкогийн засгийн газрыг буруутгасан байна.

Харин ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан хөрш орнууд нь Беларусийн дотоод хэрэгт оролцож, өөрийнх нь эсрэг “дипломат дайн” зарлаад байгааг хариу шүүмжилжээ.

 

Эх сурвалж: AFP