Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар тарсны улмаас Өмнөд Солонгосын парламентын үйл ажиллагааг зогсоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 441 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Энэ нь гуравдугаар сарын 7-ны өдрөөс хойших хугацаанд нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болж байна. Шинэ тохиолдлуудын 434 нь дотоодод дамжсан халдварын тохиолдлууд байжээ.

Халдварын хоёр дахь давалгаа эрчимжсэнтэй холбогдуулан ажилтнуудаа гэрээс нь ажиллуулахыг Өмнөд Солонгосын засгийн газар бизнесийн байгууллагуудад уриалсан байна.

Тус улсад хорио цээрийн гурван түвшинтэй дэглэмийг зургаадугаар сараас эхлэн хэрэгжүүлэх болсон юм. Өнгөрсөн Ням гарагаас эхлэн хоёрдугаар түвшний дэглэм хэрэгжиж эхэлсэн. Халдварын тохиолдол өсөх хандлагатай байгаа тул одоо хамгийн хатуу буюу гуравдугаар түвшин рүү шилжиж магадгүй болоод байна.

“Хэрвээ бид энэ долоо хоногт вирусийн тархалтыг хязгаарлаж чадахгүй бол гуравдугаар түвшний дэглэм рүү шилжихээс өөр аргагүй болно. Ингэвэл нийгэм, эдийн засагт учруулах хохирол асар их болно” гэж Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал Жон Юн Кён өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Өнөөдөр буюу Пүрэв гарагаас тус улсын парламентын үйл ажиллагаа зогссон байна.

Парламентын ордонд ажиллаж байсан гэрэл зурагчнаас өчигдөр коронавирусийн халдвар илэрсний дараа түүнтэй харьцсан хууль тогтоогчдыг тусгаарласан юм.

Чуулганы танхим, гишүүдийн ажлын байруудыг өнөөдрөөс эхлэн хаажээ. Парламент цаашид үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх талаар албаныхан өчигдөр шөнө дунд хүртэл хэлэлцсэн байна.

Гэрэл зурагчинтай өчигдөр 50 орчим хүн ойр харилцсаны 32 нь парламентын гишүүд болон албаны хүмүүс байжээ.

Коронавирусийн тархалтаас шалтгаалан Өмнөд Солонгосын парламентын ажиллагаа энэ жил хоёр дахь удаагаа зогсож байгаа нь энэ юм. Энэ оны хоёрдугаар сард эхний удаа түр зогсож байжээ.

Коронавирусийн цар тахлыг амжилттай давсанд тооцогдож байсан Өмнөд Солонгост халдварын хоёр дахь давалгаа хүнд тусаж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нийт 4,000 шахуу халдварын тохиолдол шинээр нэмэгджээ. Тэдгээрийн ихэнх нь Сөүл хотын хойд дүүрэгт оршдог Саран Жэйл христийн сүмээс гаралтай байгаа юм.

Мёнжи Эмнэлгийн профессор Ли Ван Жүн нэг өдөрт илэрдэг халдварын шинэ тохиолдлын тоо ойрын үед 1,000-ыг давж болзошгүйг анхааруулжээ.

Вакцины дархлаа хүн амын тал хэсэгт л тогтох магадлалтай тул солонгосчууд ирэх оны сүүлч хүртэл амны хаалт зүүх шаардлагатай болж магадгүйг тэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP