Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

NATO-гийн гишүүн орнууд зэвсэгт мөргөлдөөнд хүрэхэд ойрхон байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт NATO-гийн гишүүн орнууд болох Турк, Грекийн зөрчил энэ долоо хоногоос хурцдаж эхлээд байна.

Түүхийнхээ туршид дайсагнасан харилцаатай байсан хоёр орон энэ бүс нутгийн байгалийн хий, газрын тосны нөөцтэй холбоотой маргааны улмаас тэнгисийн хөлгүүдээ илгээж, харилцан нэг нэгэндээ зэр зэвсгийн хүчээ үзүүлж эхэлжээ.

Эхлээд Туркийн засгийн газар тэнгисийн маргаантай бүсэд хайгуулын хүрээгээ тэлэх шийдвэрийг Даваа гарагт гаргасан юм. Тус улсын хайгуулын Oruc Reis хөлгийг байлдааны хөлгүүд дагалдаж, Туркийн батлан хамгаалах яам хайгуул хийх бүсэд байлдааны сургуулилалт хийх болсныг Мягмар гарагт зарлажээ.

Туркийн эрх баригчдын үйлдлийг хууль бус гэж үзсэн Грекийн засгийн газар дараа нь байлдааны хөлгүүдээ Туркийн эргээс холгүй газарт байрлуулсан юм.

Лхагва гарагт Туркийн тал АНУ-ын тэнгисийн хөлөгтэй хамтарсан байлдааны сургуулилалт хийж байгаагаа зарласан байна. Харин Грек улс Кипр, Франц, Итали улсуудын тэнгисийн хөлгүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаагаа бас зарлажээ.

Францын батлан хамгаалахын сайд Флоренс Парли өчигдөр твиттер хуудсандаа “Газрын дундад тэнгисийн зүүн хэсэг сөргөлдөөний талбар болж хувирлаа. Олон улсын дүрэм журам энд хэрэгжих ёстой. Өнөөдрөөс бид Грек, Кипр, Италийн түншүүдтэйгээ энд тэнгисийн болон агаарын хүчний сургуулилалтыг эхлүүлж байна” гэж бичсэн юм.

Энэ хооронд Грек, Туркийн маргаан зөрчлийг шийдвэрлэхэд зуучлахаар Герман улс санаа тавьж эхэлжээ.

Тус улсын гадаад хэргийн сайд Хэйко Маас хоёр талыг хэлэлцээрийн ширээний ард суулгахаар Афин, Анкара хотуудад хийх айлчлалуудаа Мягмар гарагт эхлүүлсэн юм.

Долдугаар сард Турк, Грекийн талуудыг эвлэрүүлэх Германы засгийн газрын өмнөх оролдлого бүтэлгүйтэж байв.

Маастай уулзсаныхаа дараа Туркийн гадаад хэргийн сайд Мевлут Чавушоглу “Бид хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэхдээ хэн ч Турк улсад хэлэлцээний өмнө урьдчилж нөхцөл тулгах ёсгүй. Ялангуяа Грекийн тал” гэж мэдэгджээ.

Газрын дундад тэнгисийн байгалийн нөөцийг хэн эзэмших тухай хоёр улсын зөрчил нь Кипр арлын газар нутгийн маргаанаас үүдэлтэй юм. Кипр арлын өмнөд хэсэгт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Европын Холбооны гишүүн, грек хэлтэй Киприйн Бүгд Найрамдах Улс оршдог бол хойд хэсэгт нь Умард Киприйн Туркийн Бүгд Найрамдах улс нэртэй улс оршдог бөгөөд зөвхөн Турк улс хүлээн зөвшөөрсөн байдаг.

2010 оны судалгаанд өгүүлснээр Газрын дундад тэнгисийн зүүн хэсгийн Левантын бүсэд 1.7 тэрбум баррель газрын тос, 3.4 их наяд шоо метр байгалийн хийн нөөц бий ажээ.

 

Эх сурвалж: CNN