Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Алибаба группийн нэг компани түүхэнд хамгийн том IPO хийж магадгүй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хятадын тэрбумтан Жэк Магийн үүсгэн байгуулсан Алибаба группийн нэг компани хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа гаргахаар болжээ.

Алибабагийн санхүүгийн компани болох Ant Financial энэ долоо хоногт Хонг Конгийн болон Шанхайн хөрөнгийн биржүүдэд энэ зорилгоор бичиг баримтаа бүртгүүлсэн байна.

Алибаба албан ёсоор мэдээлээгүй байгаа ч Financial Times, Reuters зэрэг хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Ant Financial нь $30 тэрбумын хөрөнгө босгох зорилготой байгаа гэнэ.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор $200 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй тус компани $30 тэрбумыг зах зээлээс босгож чадвал энэ нь түүхэн дэх хамгийн том IPO ажиллагаа болох юм.

Ant Financial-ийн 33 хувийг эзэмшдэг Алибаба компани 2014 онд Нью Йоркийн хөрөнгийн биржээс $25 тэрбумын хөрөнгө босгосон нь тухайн үедээ түүхэн дээд амжилт байв.

Дараа нь Саудын Арабын төрийн өмчит газрын тосны Сауди Арамко компани 2019 оны сүүлээр өөрийн улсын хөрөнгийн биржэд IPO хийхдээ $29.4 тэрбумыг босгож, Алибабагийн амжилтыг эвдэж байжээ.

Ant Financial нь Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг төлбөр тооцооны системүүдийн нэг Alipay-г эзэмшдэг. Үүнээс гадна онлайн зээл, хөрөнгө оруулалт, зээлийн онооны системийн үйлчилгээ эрхэлдэг юм.

Энэ оны эхний зургаан сарын орлого нь 72.5 тэрбум юань ($10.5 тэрбум) хүрсэн нь өнгөрсөн оны ижил хугацааны үзүүлэлтээс 38 хувиар өссөн дүн ажээ.

Энэ хугацааны цэвэр ашиг нь 21.9 тэрбум юань хүрсэн байна.

Alipay үйлчилгээг сар бүр 711 сая хүн хэрэглэдэг, сүүлийн 12 сарын хугацаанд 118 их наяд юаний ($17 их наяд) гүйлгээг гүйцэтгэжээ.

Сүүлийн үед Америк-Хятадын харилцаа муудсанаас Ant Financial-ийн IPO-г Уолл Стритэд биш, Хонг Конг, Шанхайд хэрэгжүүлэхээр шийдсэн байж болзошгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

 

Эх сурвалж: CNN