Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д цагдаагийн харгислалыг эсэргүүцсэн тэмцлийн үеэр хоёр хүн буудуулж амиа алджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Уисконсин мужийн Кеноша хотод өнгөрсөн Ням гарагт гар хоосон, африк гаралтай эрэгтэй Жэкоб Блэйк цагдаа нарт буудуулсны дараа биеийн хагас нь мэдээгүй болсон юм.

Түүнийг машиндаа суухаар явах үед цагдаагийн гурван офицер араас нь долоон удаа бууджээ. Энэ үед Блэйкийн бага насны гурван хүүхэд машинд байсан юм.

Цагдаа нар тухайн үед дуудлагаар хэргийн газарт ирсэн гэж байгаа ч Жэкоб Блэйк ямар буруутай байсан нь тодорхойгүй байна. Зарим гэрчүүд түүнийг гэмт хэргийг таслан зогсооход тусалсан гэж мэдүүлж байгаа.

Энэ явдлаас хойш Кеноша хотод африк гаралтай иргэдийн шударга ёсыг шаардсан тэмцэл эхэлж, эмх замбараагүй байдал үүсээд байна. Уисконсин мужийн захиргаа Үндэсний Гвардын 500 цэргийг цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх зорилгоор нэмж дайчилсан юм. Кеноша хотод оройн 7:00 цагаас хойш хөл хорио тогтоосон байна.

Мягмар гарагийн орой цагдаа нарыг дэмжигч 17 настай цагаан арьстан залуу гудамжинд хоёр тэмцэгчийг буудаж амийг нь хороосон үйлдэл гар утасны камерт бичигджээ.

Өчигдөр уг хэргийг үйлдсэн Кайли Риттенхаусыг нэгдүгээр зэргийн аллагын хэрэгт сэжиглэн баривчилсан байна.

Өчигдөр бас NBA-гийн Милвуки Бакс баг плэйоффын шатанд Орландо Мэйжик багтай хийх тоглолтдоо оролцохоос татгалзаж, Жэкоб Блэйкийг буудсан явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Тус багийн тамирчид талбайд гараагүй тул өрсөлдөгч Орландо Мэйжик багийнхан дөрвөн минутын дараа талбайг орхихоос өөр аргагүй болсон байна.

Тоглолтыг сүүлд дахин зохион байгуулах эсэх, Милвуки Бакс, Орландо Мэйжик багууд цааш тэмцээнээ үргэлжлүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Associated Press