Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Африк тив халдварт саа өвчнөөс бүрэн ангижирсныг зарлав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Африк тив халдварт саа өвчнөөс бүрэн салсныг өчигдөр Africa Regional Certification Commission хараат бус мэргэжлийн байгууллага зарлалаа.

Энэ өвчин нь тав хүртэл насны хүүхдэд ихэвчлэн халдварлаж, зарим тохиолдолд саажилтад хүргэдэг юм. Хэрвээ амьсгалын эрхтний булчинд нь нөлөөлбөл үхүүлэх аюултай өвчин ажээ.

25 жилийн өмнө Африк тивд ийм вирусийн халдварын улмаас мянга мянган хүүхэд саа өвчин тусдаг байв. 

Өнөөдөр халдварт саа өвчин зөвхөн Афганистан, Пакистан улсуудад үлдэж байна. Уг өвчнийг анагаах эм байхгүй ч вакцин хийлгэвэл насан туршдаа хамгаалагдах боломжтой.

Арван жилийн өмнө Африк тивийн нийт өвчлөлийн тал нь бүртгэгддэг байсан Нигери улс хамгийн сүүлд халдварт саагаас салсан байна.

Нигерийн хүн амыг вакцинжуулах ажил нэлээд хүчин чармайлт шаардсан юм. Зэвсэгт бүлэглэлүүдийн хяналтад байдаг зах хязгаар нутгийн иргэдийг вакцинжуулахаар явсан эмч мэргэжилтнүүд амиа алдсан тохиолдол бий.

Өнөөдөр Африк тивийн нийт хүн амын 95 хувь вакцинжуулалтад хамрагдсан нь тус тивийг халдварт саа өвчнөөс салсныг зарлах нэг гол нөхцөл болсон байна.

 

Эх сурвалж: BBC