Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс эмнэлэг, хил гаалийн ажилтнуудаа долдугаар сараас вакцинжуулж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хятад улс эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсээ долдугаар сараас коронавирусийн эсрэг туршилтын вакцинд хамруулж эхэлснийг албаны хүн мэдэгджээ.

Туршилтын вакциныг хэрэглэх зөвшөөрлийг долдугаар сарын 22-ны өдөр өгсний дараа энэ ажил эхэлсэн тухай тус улсын Үндэсний Эрүүл мэндийн Хорооны шинжлэх ухаан, технологийн төвийн захирал Зэнь Зонвэй саяхан Хятадын төв телевизийн сувгаар ярьсан байна.

Вакцинжуулалтад эмнэлгийн ажилтнууд, хил гаалийн ажилтнууд зэрэг халдвар авах эрсдэлтэй бүлгийнхнийг хамруулжээ.

Уг вакциныг China National Biotec Group (CNBG) компанид бүтээсэн юм байна. Тус компани вакциныхаа гурав дахь шатны буюу сүүлчийн шатны туршилтыг Арабын Нэгдсэн Эмират, Перу, Мороко, Аргентин улсуудад зохион байгуулж байгаа юм.

“Манай улсын вакцины тухай хуулийн 20 дугаар хэсэгт тодорхой заасан байдаг. Нийгмийг хамарсан өвчин тахал гарах үед туршилтын вакциныг тодорхой хүрээнд, тодорхой хугацаанд хэрэглэх шийдвэрийг тусгай мэргэжилтнүүдийн баг гаргадаг” гэж Зэнь Зонвэй CCTV2 сувгийн ярилцлагад оролцохдоо мэдэгджээ.

Хятад улс туршилтын шатандаа яваа вакциныг хэрэглэх шийдвэрийг анх удаа гаргасан нь энэ биш юм. Зургаадугаар сард CanSino Biologics компанийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг тус улсын зэвсэгт хүчинд хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.

Уг зөвшөөрөл нь нэг жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд зөвхөн цэргийн алба хаагчдад хэрэглэх зориулалттай юм байна.

Хятад улс нь вакцины дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, бас хэрэглэгч орон юм. Жил бүр тус улсын 40 үйлдвэрээс нэг тэрбум гаруй тун вакцин зах зээлд гардаг байна.

Өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины хамгийн олон төсөл Хятадад хэрэгжиж байгаа юм.

 

 Эх сурвалж: CNN