Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы дэглэм зөрчсөн Перугийн шөнийн клубт баривчлах ажиллагаа явуулах үеэр 13 хүн амь үрэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн шөнө Өмнөд Америкийн Перу улсын нийслэл Лима хотод хорио цээрийн дэглэм зөрчин ажиллаж байсан шөнийн клубт нэгэн эмгэнэлт явдал тохиолджээ.

Зөрчил гаргасан “Thomas Restobar” клубт цагдаа нарыг ирэх үеэр тэнд байсан 120 орчим хүн зугтах гэж хаалга руу зүтгэснээс 13 хүн шахагдан амиа алдаж, зургаан хүн хүнд бэртсэн байна.

Бэртсэн хүмүүсийн гурав нь цагдаагийн албан хаагчид байжээ.

Клубын ойр орчимд амьдардаг иргэд зөрчлийн талаар цагдаа нарт мэдээлэл өгсний дараа ажиллагаа эхэлсэн юм байна.

Энэ үеэр шөнийн клубт үйлчлүүлж байсан 23 хүнийг баривчилсан тухай Перугийн дотоод хэргийн яам мэдээлжээ.

Перу улс нь Латин Америкийн бүс нутагт Бразилын дараа коронавирусийн цар тахалд хамгийн их нэрвэгдсэн хоёр дахь улсад тооцогддог. 

Тус улсад энэ оны гуравдугаар сараас хойш шөнийн клуб, бааруудыг хаагаад байгаа юм. Энэ сарын дундаас эхлэн гэр бүлийн хүрээнд олуулаа цугларахыг хориглож, Ням гараг бүрт хөл хорионы цаг хэрэгжиж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар Перу улсад халдварын 585,236 тохиолдол бүртгэгдэж, 27,453 хүн нас бараад байгаа нь дэлхийд зургаад орох өндөр үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: Reuters