Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Өвч зэвсэглэсэн Лукашенко ордондоо нисдэг тэргээр иржээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Беларусийн иргэд тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенког огцрохыг шаардан нийслэл Минск хот дахь ордных нь гадаа жагсжээ.

Удалгүй тусгай хүчний цэргүүд жагсагчдыг тараасан байна. Энэ үеэр Лукашенко ордондоо нисдэг тэргээр ирж буйг харуулсан видео дүрсийг Беларусийн ерөнхийлөгчийн албан ёсны сувгууд цацжээ.

Сумнаас хамгаалах хантааз өмсөн гартаа АК-47 буу барьсан тэрбээр амархан бууж өгөх бодолгүй гэдгээ харуулж буй нь энэ бололтой. Түүнтэй хамт 15 настай хүү Николай нь явсан байна. Николай мөн байлдааны хувцас, хэрэглэл өмсөж, өвч зэвсэглэсэн байв.

Жагсаалын үеэр Минскийн тэнгэрт нисдэг тэрэг эргэлдэж байсныг хэвлэлүүд Лукашенког зугтаж байж магадгүй хэмээн мэдээлсэн юм. Харин дээрх видео бичлэгээс харвал тэр эсрэгээрээ ордондоо буцаж ирсэн байна.

Наймдугаар сарын 9-ний өдөр болсон сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл Беларусьт хоёр долоо хоног үргэлжилж байна. Энэ сонгуульд Лукашенко 80 хувийн саналаар ялж, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч иргэд сонгуулийг эрх баригчид луйвардсан гэж үзэж байгаа юм.

АНУ, Европын Холбоо сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, тэмцэгчдийг дэмжиж байна.

Эх сурвалж: Russia Today