Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн хил дээр цэрэг байрлуулсан гэх Лукашенкогийн мэдэгдлийг NATO няцаав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсын хилийн дагуу Польш, Литвийн нутагт NATO цэрэг байрлуулж эхэлснийг мэдэгджээ.

26 жил тасралтгүй ерөнхийлөгчийн алба хашиж буй тэрбээр NATO Беларусийн иргэдийн дунд хагарал бий болгож, өөрийг нь төрийн эрхнээс зайлуулахаар бэлдэж байгааг мэдэгдээд үүнээс сэргийлэхийн тулд өөрийн цэргийн хүчийг баруун хил дээрээ төвлөрүүлэх тушаал өгсөн байна.

Энэхүү мэдэгдлийн хариуд NATO “Бид Беларусь болон өөр ямар ч улс оронд заналхийлээгүй, хил дээр нь цэрэг байрлуулаагүй байна. Бид зөвхөн батлан хамгаалах горимд ажилладаг” гэж мэдэгджээ.

“Минскийн дэглэм Беларусийн дотоодын асуудлаас бусдын анхаарлыг ямар ч үнээр хамаагүй холдуулахын тулд гадаад аюул заналын талаар зохиомол зүйл ярьж байна” гэх хөрш Литва улсын ерөнхийлөгч Гитанас Науседа ярьсан байна.

Польш улсын ерөнхийлөгчийн албанаас мөн Лукашенкогийн мэдэгдлийг няцаажээ.

Бямба гарагт Минск хотод хоёр долоо хоногийн өмнө болж өнгөрсөн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал үргэлжилжээ.

Харин энэ үед цэргийн дүрэмт хувцас өмссөн Лукашенко армийн удирдлагуудтайгаа уулзахдаа улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад бүх анхаарлаа хандуулах үүрэг даалгавар өгсөн байна.

Лукашенкотой өрсөлдсөн сөрөг хүчний нэр дэвшигч, одоо гадаадад дүрвээд байгаа Светлана Тихановская үр дүнд хүртлээ тэмцлийг үргэлжлүүлэхээ BBC агентлагт ярихдаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: BBC