Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын арми бөмбөг илрүүлдэг “киборг царцаа” туршиж байна

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Бөмбөг, тэсрэх бодис илрүүлэх чадвартай “киборг царцаа”-г АНУ-ын тэнгисийн хүчний санхүүжилтээр Вашингтоны их сургуульд туршиж байгаа тухай батлан хамгаалах салбарын Stars and Stripes агентлаг мэдээлжээ.

Царцааны тархинд тусгай бичил техникийг суулгасны дараа тротил (TNT), аммиакийн шүү зэрэг тэсрэмтгий материалуудыг зайнаас таньж, байрлалыг нь шууд тодорхойлж чадаж байгаа гэнэ.

Энэхүү шавьжний антенн шиг эвэр нь маш өндөр мэдрэмжтэйг эрдэмтэд өмнө нь мэддэг байжээ. Харин байгалийн бус гаралтай зүйлсийг мэдэрдэг болгохын тулд нэмэлт техник суулгасан байна.

Био инженерчлэлийн профессор Барани Раман тэргүүтэй судлаачид энэхүү төсөлдөө $1.1 саяын санхүүжилт авсан гэнэ.

Царцаа нь нэмэлт төхөөрөмж суулгахад хамгийн тохиромжтой биетэй амьтан болохыг судлаачид онцолсон байна.

Мөн царцаанууд багаар ажиллахдаа ганцаар ажилласнаасаа илүү үр дүнтэйг тогтоожээ. Жишээ нь долоон царцаа нийлж ажиллахад туршилтын хугацааны 80 хувьд эерэг үр дүнтэй байсан бол ганц царцааны хувьд үзүүлэлт нь 20 хувиар буурсан байна.

Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл үнэрч нохойнуудыг ажилгүй болгох нь тодорхой гэнэ.

Царцааны эвэрт 50,000 хүртэл тооны өөр өөр үүрэгтэй мэдрэлийн эс байдаг ажээ. Сүрэг царцаа заримдаа өдөрт 130 км гаруй зайнд нүүдэллэж чаддаг юм байна.

 

Эх сурвалж: Stars and Stripes