Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Blackberrу дахин сэргэхийн тулд ирэх онд 5G загвар гаргахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр компьютерын гар шиг бүрэн товчлууртай гар утас зах зээлд гарган амжилт олж байсан Канадын Blackberry компани (эхэндээ RIM нэртэй байсан) ухаалаг гар утасны хувьсгалд дасан зохицож чадалгүй дампуурсан билээ.

Одоо зөвхөн программ хангамжийн чиглэлээр ажилладаг тус компани Хятадын электроникийн үйлдвэрлэгч TCL компанид брэндээ ашиглуулах гэрээ хийсэн нь энэ оны хоёрдугаар сард дууссан юм.

Blackberry брэндийн сүүлчийн гар утас Key2 загвар (зураг дээр үзүүлсэн) 2018 онд зах зээлд гарсан нь амжилт олоогүй.

Тэгвэл тус компани Тайваний Foxconn компанийн охин компани FIH Mobile Limited болон OnwardMobility компанитай хамтран 5G сүлжээнд ажиллах шинэ гар утас зах зээлд гаргахаар болсноо Лхагва гарагт зарлажээ.

Мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдал болон бүтээмж өндөртэй ашиглах боломж нь шинэ гар утасны давуу тал байхыг гурван компанийн мэдэгдэлд онцолсон байна.

FIH Mobile компани гар утасны дизайн, үйлдвэрлэлийг хариуцах бол OnwardMobility нь бүтээгдэхүүн төлөвлөлт, маркетингийг хариуцахаар болжээ.

Шинэ Blackberry загвар 2021 оны эхний хагаст Умард Америк, Европын зах зээлд түрүүлж гарахаар болсон байна.

 

Эх сурвалж: Mashable