Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Сүргийн дархлаа” тогтоох гэж оролдвол илүү олон хүний амь үрэгдэхийг АНУ-ын шилдэг мэргэжилтэн анхааруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи өчигдөр Инстаграм хуудсаараа хийсэн шууд видео дамжуулалтын үеэр “сүргийн дархлаа” тогтоох оролдлого ямар эрсдэлтэй болохыг тайлбарлажээ.

“Хэрвээ вирусийн тархалтыг чөлөөлж, олон хүнд халдаавал маш олон хүн амиа алдах болно. Та бүхэн АНУ-ын хүн амыг харцгаа. Энд маш олон илүүдэл жинтэй, маш олон цусны өндөр даралттай, маш олон чихрийн шижин өвчтэй хүмүүс бий. Хэрвээ бүгд халдвар авбал асар олон хүний амь үрэгдэнэ” гэж доктор Фаучи ярьсан байна.

Хүн амын 70-90 хувь халдвар аваад эдгэрэх, эсвэл вакцин хийлгэх зэрэг ямар нэг аргаар дархлаатай болоход “сүргийн дархлаа” тогтдог гэж үздэг.

Ингэсэн тохиолдолд вирус хүн амын үлдсэн хэсэгт тархалгүй зогсдог ажээ.

Гэвч коронавирусийн тахлын хувьд халдвар аваад эдгэрсэн хүмүүст урт хугацааны дархлаа тогтох эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

“Сүргийн дархлаа” тогтоох бодлого барьсан дэлхийн цөөхөн орнуудын нэг Швед улсад цар тахлын нөхцөл байдал хүнд байна.

Тус улс Европын бусад улсуудын адил хорио цээрийн дэглэм тогтоож, хилээ хаагаагүй.

Гэвч дөрөвдүгээр сараас эхлээд Шведийн бодлого алдаатай байсан нь харагдаж эхэлсэн юм. Covid-19 өвчний улмаас амиа алдсан хүний тоо огцом нэмэгдэж, тавдугаар сард нэг хүнд оногдох нас баралтын үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн байна.

Харин эсрэгээрээ хорио цээрийн хатуу дэлгэм тогтоосон хөрш улсуудад нь илүү цөөн хүн нас баржээ. Долдугаар сарын сүүлийн байдлаар Шведэд 5,700 орчим хүн нас бараад байсны ихэнх нь 70-аас дээш насныхан байна.

Доктор Фаучигийн хэлснээр “сүргийн дархлаа” тогтоох оролдлого хүн амын эмзэг хэсэгт хүнд тусдаг нь эндээс харагдаж байгаа юм.

Шведийн эргээс ердөө 30 км зайтай оршдог Дани улс цар тахлын эхэн үеэс хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Долдугаар сарын сүүлээр 6 сая орчим хүн амтай энэ улсад коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 615 байсан нь хөрш Шведийн үзүүлэлтээс бараг 10 дахин бага болжээ.

Хүний хохирлоос гадна Швед улс эдийн засгийн гүнзгий хохирол амсах нь тодорхой болоод байна.

Энэ онд Шведийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 6 хүртэл хувиар агших бол оны сүүлээр ажилгүйдлын түвшин 10 хувьд хүрэх тооцоог судлаачид гаргажээ.

 

Эх сурвалж: CNN, Business Insider