Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп ОХУ-ын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд амжилт хүсэв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-д бүтээсэн “Sputnik V” вакцины талаар сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Өнгөрсөн Мягмар гарагт коронавирусийн эсрэг шинэ вакциныг Оросын эрх баригчид албан ёсоор бүртгэж, гэрчилгээ олгосон нь дэлхийд анхны тохиолдол болсон юм.

Москвагийн Гамелейн хүрээлэнгийн судлаачид бүтээсэн вакцин нь хүнд хоёр хүртэл жилийн дархлаа тогтоох чадвартайг баталсан байна.

Дональд Трамп шинэ вакцины эмчилгээ үр дүнтэй байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд АНУ-д бүтээж буй вакцин ойрын үед бэлэн болох төлөвтэй байгааг мэдэгдсэн юм.

“Бид тэдний бүтээсэн вакцины талаар сайн мэдэхгүй байна. Ямартай ч үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт бид итгэж байна” гэж Оросын шинэ вакцины талаар Трамп хэлжээ.

Тэр бас Америкийн вакцин гарахгүй удаж байгаа нь туршилтын хугацаа урттай холбоотойг энэ үеэр тайлбарласан байна.

“Оросууд зарим туршилтын хугацаагаа товчилсон. Харин бид стандартаа дагах нь чухал гэж үзэж байна” гэж Трамп хэлсэн юм.

АНУ-д бүтээгдсэн вакциныг хамгийн түрүүнд өндөр настнуудад хийх нь зөв гэж бодож байгаагаа илэрхийлсэн Трампаас сэтгүүлчид өөрөө хэзээ хамрагдахыг нь асуужээ. Тэрбээр “хамгийн түрүүнд, эсвэл хамгийн сүүлд ч байж магадгүй” гэж энэ асуултад хариулсан байна.

 

Эх сурвалж: Russia Today