Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн сонгуульд ХҮН ялбал П.Наранбаяр хотын дарга болно

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 8 сарын 14
iKon.MN

Аравдугаар сард болох орон нутгийн сонгуультай холбоотойгоор ХҮН нийслэлийн намын хорооны даргаараа олон улс судлалын доктор, Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирал асан П.Наранбаярыг сонгосон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

"П.Наранбаяр хотын дарга болно"

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр орон нутгийн удирдлага, хотын даргыг Ерөнхий сайд санал болгож, томилох асуудал яригдаж байгааг тус нам эсэргүүцэж байгаа аж.

Тус намын дарга Б.Найдалаа "Хотын дарга, дүүргийн Засаг даргыг аль нэг нам биш, иргэд өөрсдөө сонгох ёстой.

ХҮН аль нэг намтай эвсэл болохгүйгээр орон нутгийн сонгуульд оролцоно. Манай нийслэлийн намын хорооны даргаа П.Наранбаяр сонгогдсон. П.Наранбаяр нийслэл хотын дарга болно" хэмээн албан ёсоор мэдэгдэв. 

"Улаанбаатар хотын дарга иргэдээсээ сонгогддог байх ёстой"

УИХ-ын гишүүн, ХҮН-ын гишүүн Д.Доржханд орон нутгийн сонгуультай холбоотой мөн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Нийслэл болон орон нутгийн маш хариуцлагатай сонгууль болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор бид яг ямар хотыг, ямар хотын даргыг хүсээд байгаа вэ гэдэг талаараа тодорхой байр суурьтай болмоор байна.  

Хотын тухайд, шамбааралдсан олон өндөр байшинтай, цементээ шүтсэн, машинд ээлтэй байгаа нь дэлхийн аз жаргалтай, сайхан хотын ангилалд ерөөсөө хамаарахгүй.

Хүндээ ээлтэй, аз жаргалтай хот гэдэг бол настангууд нь хотдоо нарлаад суудаг, хүүхдүүд нь айх аюулгүй тоглож байдаг, залуус нь хөгжмөө сонсоод, дугуйгаа унаад явж байдаг, нийтийн тээврээр нийт иргэд нь үйлчлүүлдэг ийм хотыг аюулгүй, аз жаргалтай хот гэж үздэг. Ийм л хотыг байгуулах хэрэгтэй болоод байна. 

Хотын даргын тухайд, нийслэл, аймаг, орон нутгийн дарга нарыг Ерөнхий сайд нь санал оруулдаг байх, цаашдаа Ерөнхий сайд нь томилдог байх гээд систем нь буруу яваад эхэллээ. Энэ бол бидний олж авсан үнэт зүйл, Үндсэн хуулийн эсрэг зохицуулалт тул ХҮН үүнд маш хатуу байр суурьтай байна.

Иргэд нь хотын дарга, аймгийнхаа удирдлагыг сонгодог, сумын түвшинд нам хүнээ дэвшүүлдэггүй байх байдлаар бид намчирхал, талцлыг шийдэхгүй бол эсэргээрээ нам томилж, нам шийддэг болбол бид 1990 оны өмнөх нэг намын систем рүү ухралт хийх гээд байна. Тиймээс цаашдаа Улаанбаатар хотын дарга иргэдээсээ сонгогддог байх ёстой. 

Ямар хотын дарга байх вэ гэвэл иргэдийнхээ төлөө үйлчилдэг, ажлаа хийдэг, энгийн, хариуцлага хүлээдэг хотын дарга хэрэгтэй байна. 

Хэрэв санаж байгаа бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр хорооллоос тоглох гэж очоод амиа алдсан, хөлбөмбөгийн хаалганы төмөрт даруулж амиа алдсан хүүхдүүдийн төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй.

Хариуцлага хүлээдэг, хотынхоо төвд хөрөнгө оруулдаг бус нийт хотоо ижил боломжоор, ижил ногоон байгууламж, аюулгүй орчноор хангадаг хотын даргатай болмоор байна. 

Тиймээс Улаанбаатар хотын иргэд эргэлт хийгээсэй" гэсэн юм.

"Буруу бодолтой, цүнх баригч, зөвхөн намын томилгоогоор, намынхаа төлөө ажилладаг хүмүүс удирдвал Улаанбаатар хотын иргэд хэзээ ч зөв хөгжлийн үр шимийг амсахгүй"

Нийслэлийн ХҮН-ын хорооны дарга П.Наранбаяр хотын хөгжлийн төлөө зүтгэж, нийт чадварлаг залуустай хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Тэрбээр "Намын нийт гишүүд надад итгэл хүлээлгэж, нийслэлийн намын хорооны хариуцлагатай албанд томилсонд баяртай байгаагийн зэрэгцээ хариуцлагыг мэдэрж байна. Энэ бол нүүр царай. Хоёрдугаарт, бодлого, алсын хараа. Энэ бол иргэндээ ойр байх шинэ засаглал, шинэ цагийн эх. Зөв хүмүүс зөв засаглалыг явуулж, зөв хөгжилд хүргэх энэ цагийн эхлэл, торгон мөчид бид зогсож байна. 

Зөв хүн хотын дарга болж байж энэ бүхэн өөрчлөгдөнө. Буруу бодолтой, цүнх баригч, зөвхөн намын томилгоогоор, намынхаа төлөө ажилладаг хүмүүс удирдвал Улаанбаатар хотын иргэд хэзээ ч зөв хөгжлийн үр шимийг амсахгүй. Манай намын гишүүн Д.Доржхандын шүүмжилж байгаа бодит байдал үргэлжилсээр байх болно. Иймээс би зүтгэнэ. Намын нөхөд болон нийслэлийн сонгуульд нэр дэвшиж байгаа нийт чадварлаг залуусынхаа хамт зүтгэнэ. Бид ойр байна. Та бүхнийхээ нэг хэсэг байна. Адилхан л амьдарч байгаа хүмүүс. Эндээс бодлого өөрөө урган гарна. Нүсэр биш төсөр, энгийн, бодитой асуудлыг хардаг, шинэ улстөрчид орж ирж байж Улаанбаатар хотыг хөгжүүлнэ. Үүний төлөө бидэнд итгэл үзүүлээрэй гэж уриалмаар байна. Бид хариуцлагатай байна" гэсэн юм. 

Видео:

https://www.facebook.com/XYHnamyn/videos/697719967478141/