Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээхдээ гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатайг ДЭМБ-аас улс орнуудад зөвлөсөн"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.14/

https://www.facebook.com/iKonNews/videos/3327150760842615

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутагт дэвсгэрт бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар уг вирусээр 20.7 сая гаруй хүн өвчилж, 752 мянган хүн эндсэн. 

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 276 мянган хүн халдвар авсны дийлэнх нь Энэтхэг, Бразил, АНУ-д бүртгэгдлээ" хэмээн тойм мэдээллийг танилцууллаа. 

"Бид хэвийн амьдралдаа хэзээ эргэн орох нь тодорхойгүй байна"

Мөн тэрбээр "ДЭМБ-ын хэвлэлийн хурал өчигдөр болсон. Энэ үеэр ДЭМБ "Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу COVID-19-ийн онц байдал гэж зарласнаас хойш зургаан сар гаруйн хугацаа өнгөрлөө. Цар тахлын үед хүмүүсийн өдөр тутмын амьдралд ихээхэн өөрчлөлт орлоо. Хэзээ хэвийн амьдралдаа орох нь тодорхойгүй байна.

Бид цаашид цар тахлыг хязгаарлах ёстой. Үүний тулд хувь хүн бүр өөрийн хийж чадах зүйлийг хийх ёстой. Гараа сайтар савандаж угаах, амны хаалтаа зүүх, өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ байх, хүн хоорондын зайгаа баримтлах ёстой" гэдгийг онцолсон гэв. 

Түүнчлэн цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээхдээ гар угаах нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатайг ДЭМБ-аас улс орнуудад зөвлөжээ.

ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан судалгаагаар 2019 оны байдлаар дэлхий даяарх сургуулийн 43 хувь нь савантай усаар гараа угаах боломж бүрдээгүй байжээ. Тиймээс гараа угаах нөхцөлөө бүрдүүлж байж сургуулиа нээх нь цар тахлаас сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг холбогдох байгууллагууд сануулж байгаа юм.

Манай улсад 3,269 хүн ажиглалтад байна

COVID-19-өөр ОХУ-д өчигдөр 5,000 гаруй хүн өвчилж, 124 хүн нас баржээ. БНХАУ-д 99 тохиолдол бүртгэгдсэний 22 нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Сүүлийн 24 цагт Японд 1,176 хүн шинээр халдвар авч, 11 хүн энджээ.

Манай улсад өчигдөр ажиглалтад шинээр есөн хүн орж, 38 хүн ажиглах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн аж. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 3,269 хүн тусгаарлан ажиглах байранд буй бөгөөд тэдэнд 38 их эмч, 94 резидэнт, 124 төрийн албан хаагч үйлчилж байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.