Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАЙКА-аас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав

ikon.mn
2020 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр  ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтад ЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун болон тохижилт үйлчилгээний компанийн төлөөллүүд оролцов.

Дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЖАЙКА олон улсын байгууллагын зүгээс тохижилт үйлчилгээний албан хаагчдад ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмж, ариутгагч бодис болон халдвар хамгааллын хэрэгслийг гардуулан өгсөн юм.

Энэ үеэр ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико ЗАА-тай хамтран тохижилт үйлчилгээний компанийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, цар тахлаас хамгаалах, халдваргүйжүүлэлтийг хийх зэрэг заавар зөвлөмжийг хүргэх зорилгоор сургалт зохион байгуулах саналтай байгаагаа дуулгав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад халдвар хамгааллын хэрэгсэл хандивлаж буйд талархал илэрхийллээ. Тэрбээр “Цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. ЖАЙКА олон улсын байгууллагатай бид 2005 оноос эхлэн хог хаягдлын менежмэнтийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Хэдийгээр Япон улс цар тахалтай тэмцэж, хүнд нөхцөлд байгаа ч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байдагт талархаж байна” хэмээв.

Уулзалтын төгсгөлд коронавирусийн халдвараас сэргийлэх заавар зөвлөмж бүхий дүрс бичлэгүүдийг ЖАЙКА-ийн суурин төлөөлөгчийн газраас бэлтгэснээ танилцууллаа. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс