Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Улс, орнууд өөрийн вакциныг эмийн агентлагийнхаа хүрээнд баталгаажуулдаг ч манай улс ДЭМБ-ын баталгаатай үйлдвэрээс авч, хэрэглэдэг"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Дэлхийн зарим улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүүхдийн товлолын дархлаажуулалт тасалдаж байна. Манай улс энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Дэлхий нийт гуравдугаар сараас эхлээд COVID-19 цар тахалтай эрчимтэй тэмцэж байна. Цар тахлын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээг алдагдуулж болохгүй гэдгийг улс, орнуудад ДЭМБ-аас зөвлөж буй.

Гэхдээ үер ус, гамшигтай холбоотойгоор Африк болон Европын зарим улсад нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ доголдсон. Мөн дэлхийн 100 гаруй оронд 11 сая хүүхэд товлолын дархлаажуулалтаас хоцорч байна гэх мэдээлэл бий.

Харин манай улсын хувьд эмнэлгийн бусад тусламж үйлчилгээний хэвийн байдалд эртнээс анхаарч ажилласан. Ялангуяа, хүүхдийн дархлаажуулалтыг тасалдуулахгүйн тулд НҮБ-ын Хүүхдийн сангаас захиалсан бүх вакцинаа тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа.

Иймд хүүхдийн товлолын дархлаажуулалтын үйл ажиллагаа болон эмнэлгийн бусад тусламж үйлчилгээ манай улсад хэвийн байна.

-Коронавирусийн халдвартай тэмцэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт хийж байгаа юу. Тэдний мэдлэг, ур чадварыг гүнзгийрүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ? 

-Эмч нарыг эмнэл зүйн болон тархвар судлалын сургалтад байнга хамруулж байгаа. Клиникийн эмч нар олон улсын цахим хурал зөвлөгөөнд оролцож, шинэ мэдээллээ солилцож байна.

Эрүүл мэндийн яам ч удирдлагын түвшинд ДЭМБ-аас зохион байгуулж буй цахим хуралд оролцож, мэдээлэл авч байгаа.

-ОХУ коронавирусийн эсрэг вакцин гаргаснаа зарлачихлаа. Манай улс аль улсаас, хэчнээн тун вакцин худалдан авах бол. Энэ талаар төлөвлөсөн зүйл бий болов уу?

-COVID-19 халдварын эсрэг вакцин гаргаж авахаар дэлхийн олон оронд судалж байгаа. Зарим нь вакцины сүүлийн буюу гуравдугаар шатны эмнэл зүйн туршилтаа эхлүүлсэн.

Өчигдөр ОХУ вакцинаа өөрийн орондоо бүртгэсэн мэдээлэл бий. Манай улсын хувьд, ДЭМБ-ын гэрчилгээ, баталгаатай вакциныг товлолын дархлаажуулалтдаа хэрэглэдэг.

Улс орнууд, өөрийн вакциныг тухайн улсынхаа эм, хүнсний агентлагийн хүрээнд баталгаажуулдаг ч манай улс ДЭМБ-ын баталгаатай үйлдвэрээс вакцинаа авч хэрэглэдэг.

ДЭМБ-ын өчигдрийн мэдээлэлд, ДЭМБ нь ОХУ-ын эрдэмтэн судлаачидтай энэ вакцины талаар мэдээлэл авч, хамтран судалж байгаа талаар мэдэгдсэн.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1022493051534695

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.