Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн хувьцааны үнийн өсөлт гүйцэтгэх захирлаа тэрбумтан болголоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийг удирдаад бараг 10 орчим жил болсныхоо дараа Тим Кук тэрбумтан болжээ.

Сүүлийн өдрүүдэд Apple компанийн хувьцааны үнэ өссөөр $2 их наядын үнэлгээнд хүрэхэд ойртсон юм. Тэгвэл энэ өсөлтийн ачаар тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кукийн хөрөнгийн хэмжээ нэг тэрбумын босгыг давжээ.

Одоогоор Apple-ийн зах зээлийн үнэлгээ $1.9 их наяд орчим байгаа. Энэ оны эхнээс тус компанийн хувьцааны үнэ 54 орчим хувиар өсөөд байна.

Сүүлийн үед Америкийн технологийн компаниудын хувьцааны үнэ ханш огцом нэмэгдэж байгаа.

Үүний үр дүнд Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг өнгөрсөн долоо хоногт дэлхийн гурав дахь 100 тэрбумтан болсон юм.

Харин үүсгэн байгуулагч биш, гүйцэтгэх албан тушаалтан Тим Кукын хувьд энэ нь том үсрэлт, бас ховор үйл явдал болж байна. 

Тухайлбал Google-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай л гэхэд Цахиурын хөндийн баячуудын тоонд ордоггүй юм. Харин тус компанийн үүсгэн байгуулагчид болох Ларри Пэйж, Сергей Брин нар тус бүр $71.7 ба $69.5 тэрбумын хөрөнгөтэй.

Тим Кукийн жилийн цалингийн хэмжээг $3 сая гэдэг. Үүнээс гадна тэр үр дүнгийн шагналд Apple компанийн хувьцааг авдаг байна.

Тэрбээр 1998 онд анх Apple компанид орж ажиллаад 2011 онд Стив Жобсыг өвчний улмаас ажлаа өгсний дараа гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ.

Өмнө нь Кук Compaq, IBM компаниудад ажиллаж байв. 2014 онд тэр Америкийн топ 500 компанийн захирлууд дундаас анх удаа ижил хүйстэн болохоо зарлаж байжээ.

 

Эх сурвалж: CNN