Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Жо Байден сенатор Камала Харрисыг өөрийн дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Энэ оны арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден өчигдөр өөрийн дэд ерөнхийлөгчид сенатор Камала Харрисын нэрийг дэвшүүлж байгаагаа зарлажээ.

Ингэснээр 55 настай Калифорни мужийн сенатор Харрис нь Америкийн түүхэнд дэд ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшсэн анхны африк гаралтай эмэгтэй болж байна.

Жо Байден өмнө нь дэд ерөнхийлөгчийн суудалд эмэгтэй хүн сонгохоо илэрхийлээд байсан бөгөөд Камала Харрисаас гадна ерөнхийлөгч Барак Обамагийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Сюзан Райсын нэр яригдаж байсан юм.

АНУ даяар арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэл өрнөж буй энэ үед Байден өнгөт арьст эмэгтэйг сонгохоос өөр аргагүй болсон гэж ажиглагчид дүгнэж байна. Мөн Дональд Трампын зүгээс нас өндөр болсны улмаас сэтгэн бодох чадвар нь муудсан гэж шүүмжлүүлдэг Байден залуу дэд ерөнхийлөгч сонгох шаардлагатай болсон юм. Трамп одоо 74 настай бол Байден 77 настай.

Харрис нь бас энэ өндөр албан тушаалд нэр дэвшсэн анхны Ази гаралтай хүн болж байгаа юм. Харрисын ээж Энэтхэгээс ирсэн цагаач ажээ.

Байден, Харрис нар өнөөдөр ерөнхийлөгчид нэр дэвшигчийн төрөлх хот болох Делавар мужийн Уилмингтонд болох сонгуулийн арга хэмжээнд анх удаа хамт оролцох төлөвтэй байна.

АНУ түүхэндээ хэзээ ч эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй байгаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн анхны эмэгтэй болох Хиллари Клинтон дөрвөн жилийн өмнө болсон сонгуульд ялагдаж байв.

Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээ Байден зарласны дараа Трампын сонгуулийн штабаас “Жо Байден өөрийн бодолгүй хоосон толгой болсныг энэ сонголт харууллаа. Түүний бодлогод одоо хэт зүүний үзэл суртал ноёлох нь тодорхой” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудсанд өрсөлдөгчдөө “Slow Joe” (Сааталтай Жо), “Phoney Kamala” (Хуурамч Камала) хэмээн шоглосон видео бичлэг нийтэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP