Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Прага-УБ нислэгээр ирсэн 185 иргэний тийз, тусгаарлагдах байрны зардлыг ОУ-ын шилжилт хөдөлгөөний байгууллага хариуцжээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын Шуурхай Штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.08.11/

https://www.facebook.com/588990477781350/videos/815394235872622

Прага-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр өнөөдөр өглөө 249 иргэн эх орондоо ирсэн бөгөөд уг нислэгийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбар, БНЧУ-ын Засгийн газар, Европын холбооны санхүүжилтээр үйлдсэн болохыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллийн эхэнд онцоллоо. 

 
гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр "Цар тахлын хугацаанд Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хилийн чанадад буй монгол иргэдийг тасралтгүй татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Бүх иргэнийг татан авч дуусах хүртэл иргэдэд тулгарч буй хүндрэлтэй нөхцөл байдал, санхүүгийн боломжгүй болж байгаа зэрэг асуудлыг шийдэхийн тулд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай 2020 оны дөрөвдүгээр сараас хойш хамтран ажиллаж байна.

Үүний хүрээнд энэ удаагийн Прага-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр ирсэн 185 иргэний нислэгийн тийз болон Монгол Улсад 21 хоногийн тусгаарлагдах байрны зардлыг тус байгууллагаас гаргах болсон нь хоёр талын хамтын ажиллагааны үр дүн байлаа. 

Манай улс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад 2008 онд элсэж байсан. 

Бид үргэлжлүүлэн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Истанбул дахь салбартай хамтран хүнд нөхцөлд орсон иргэддээ тусламж дэмжлэг үзүүлэх ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.

"Нэг иргэнд 7.3 сая төгрөг буюу нийт 1.3 тэрбум төгрөгийг 185 иргэнийг татан авахад зарцуулсан"

 
гэрэл зургийг MPA.mn

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Улаанбаатар дахь салбарын ажилтан н.Оюунбилэг “Өнөө өглөөний нислэгээр Чех улсаас хүсэлт гаргасан нэн тэргүүнд буцах шаардлагатай нийт 185 иргэн эх орондоо эргэж ирлээ. Нэг иргэнд 7.3 сая төгрөг буюу нийт 1.3 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд нийт санхүүжилтийн 75 хувийг Европын холбоо, 25 хувийг Чех улсын Засгийн газраас тус тус гаргасан. 

Тодруулбал, нэг хүнд гэхэд билетийн үнэ, тусгаарлалтад байх хугацааны үнэ болон иргэн  гэрээр тусгаарлагдаад эргэн суурьшихад мөнгөн бус хэлбэрийн тусламжийг үзүүлэх зардал багтсан. 

Энэ бол дөрөвдүгээр сараас хойш ГХЯ-наас хүсэлт тавьсны дагуу энэ ажил биеллээ олсон явдал" гэв. 

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын иргэн эх орондоо өөрийн хүсэлтээр буцах, эргэн суурьшихад туслах тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2011 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 2,496 иргэн хамрагдаж, тус байгууллагын санхүүжилтээр Монголдоо эргэж ирсэн нийт 6,200 гаруй иргэн байгаа аж. 

Мэдээллийн төгсгөлд "Прага-Улаанбаатарын чиглэлийн нислэг дээр анх бид Чехийн талын жижиг оврын онгоцоор нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан ч Чехийн талаас эцсийн мөчид нислэг үйлдэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу Чех улсын элчин сайдын яам, Чех улсын дотоод хэргийн яамтай Прага дахь манай Элчин сайдын яам ярилцаад наймдугаар сарын 10-нд нислэг үйлдэхээр тохирсон байсан учраас энэ хугацаандаа нутаг буцах хүсэлтэй иргэдээ авъя. МИАТ компанийг тус улс руу нислэг үйлдэх боломжтой гэсэн саналыг хүргүүлсний дагуу Чехийг тал дуртайяа хүлээж авсан гэдгийг хэлье. 

Тэгэхээр бид 170 хүний суудалтай бус 258 хүний суудалтай онгоцоор олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар ирсэн иргэдээс гадна Чех улсаас болон хөрш зэргэлдээх Австри, Унгар, Польш улсад байсан цөөн тооны иргэдээ энэ нислэгт хамруулах боломж гарсан гэдгийг онцолмоор байна.

Энэ жил Монгол Улс болон БНЧУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Энэ ойн хүрээнд хоёр улсын хооронд анхны зорчигч тээврийн нислэг үйлдэгдсэн" гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нэмж хэлэв.