Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсад коронавирусийн халдварын тохиолдол долоо хоногийн дотор 10,000-аар нэмэгдэв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Япон улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдол 50,000 хүрсэн байна. Энэ нь ердөө нэг долоо хоногийн дотор 10,000-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Тавдугаар сарын сүүлээр тус улсын засгийн газар хорио цээрийн дэглэмээ сулруулсан бөгөөд тэр үеэс хойш Токио, Осака зэрэг томоохон хотуудад халдварын тоо нэмэгдсээр байна.

Вирусийн тархалт хэр эрчтэй байгааг дараах тоо баримтаас харж болно. Долдугаар сарын эхээр Япон улс 20,000 дахь халдварын тохиолдлоо бүртгэж байсан бол долдугаар сарын сүүлээр 30,000-ын босгыг давжээ.

Тэгвэл наймдугаар сарын 4-нд 40,000 хүрсэн бол наймдугаар сарын 10-нд 50,000 хүрсэн байна.

Даваа гарагт Токио орчимд 197 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 331 тохиолдлоос буурсан үзүүлэлт болжээ. Осака орчимд 123 тохиолдол бүртгэгдсэн нь мөн Ням гарагийн 195 тохиолдлоос буурсан байна.

Гэхдээ амралтын өдрүүдэд оношилгооны хариу гарах хугацаа удааширдаг нь халдвар буурсан мэт харагдуулж байгааг эрх баригчид тайлбарлажээ.

Япон улсын засгийн газар цар тахлын улмаас хямарсан аялал жуулчлалын салбараа аврахын тулд өнгөрсөн сард дотоодын жуулчдыг урамшуулах хөтөлбөр зарласан нь коронавирусийн тархалтыг нэмэгдүүлж болзошгүй гэсэн айдас дагуулж байна.

Токио хотын захирагч Юрико Койке хэрвээ шаардлагатай бол нийслэл хотод онц байдал зарлахад бэлэн байгаагаа өчигдөр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Kyodo News