Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистаны засгийн газар Талибан хөдөлгөөний хамгийн аюултай 400 хоригдлыг суллахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Афганистаны засгийн газар Талибан хөдөлгөөний хамгийн аюултай 400 гишүүнийг шоронгоос суллах шийдвэр гаргажээ.

Энэ алхам нь 20 орчим жил үргэлжилж байгаа дайныг төгсгөл болгох зорилготой юм. 

Талибаны тал шийдвэрийг талархан хүлээж аваад гал зогсоох яриа хэлэлцээг 10 өдрийн дотор эхлүүлэхээ амлажээ.

Энэ оны эхээр АНУ ба Талибан хөдөлгөөний хооронд байгуулсан энхийн гэрээний дагуу Афганистаны шоронд хоригдож байгаа 5,000 орчим хүнийг суллахаар тохиролцсон юм. Тэдгээрийн дотроос хамгийн аюултай 400 хоригдол суллагдаагүй үлдээд байв.

Талибан хөдөлгөөн тэднийг суллахгүй бол гал зогсоохгүй хэмээн мэдэгдэж, халдлага довтолгоогоо үргэлжлүүлсээр байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани тус улсын овог аймгуудын 3,200 орчим тэргүүн, улс төрчдийг нийслэл Кабул хотод урьж, хоригдлуудыг суллах эсэх асуудлаар Лоя Жирга чуулганыг зохион байгуулахаар болсон байна.

Үлдсэн 400 хоригдлын дотор Афганистаны энгийн иргэд, гадаадынхны эсрэг үйлдэгдсэн томоохон халдлагуудтай холбоотой хүмүүс байгаа юм.

Тухайлбал 2017 онд Кабул дахь Германы элчин сайдын яамны ойролцоо автомашинд ачсан бөмбөг дэлбэлж, 150 гаруй хүний амийг хөнөөсөн этгээдүүд хоригдож байгаа. Энэ нь Талибан хөдөлгөөний түүхэнд зохион байгуулсан хамгийн том халдлага юм.

Афганистаны засгийн газар болон Талибан хөдөлгөөний яриа хэлэлцээ энэ долоо хоногт Катарын нийслэл Доха хотод эхлэх гэж байна. Ерөнхийлөгч Гани хэлэлцээ эхлэхээс өмнө гал зогсоох амлалт өгөхийг Талибан хөдөлгөөнд уриалсан юм.

Гэвч Талибанчууд урьдчилж амлалт өгөхөөс зайлсхийж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хоригдлуудыг суллуулахаар удаан хугацаанд шахалт үзүүлсний үр дүнд Афганистаны засгийн газар энэ шийдвэрийг гаргасан юм. Трамп Америкийн түүхэн дэх хамгийн урт дайныг өндөрлүүлж, цэргээ гаргах амлалт өгснөө сонгуулийн өмнө биелүүлэхээр яарч байгаа.

Талибан хөдөлгөөний халдлагын улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд 100,000 иргэн амиа алдсанаас 10,000 орчим нь зөвхөн өнгөрсөн онд амь үрэгджээ.

Лоя Жиргад оролцогчид исламын номлолын дагуу ойр дотны хүмүүсээ халдлагад алдсан гэр бүлүүд Талибаны гишүүдэд уучлал үзүүлэх боломжтой гэж дүгнээд энэ асуудлаар гэр бүлүүдтэй тохиролцоонд хүрэхийг засгийн газарт уриалсан байна.

 

Эх сурвалж: Reuters