Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Улирлын томуугийн вакцинаа эрт авах хүсэлтээ өгчихсөн. Эхний ээлжийн тун есдүгээр сарын 15-наас ирнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Манай оронд есдүгээр сарын сүүлчээс эхлээд зарим жил тавдугаар сарын дунд хүртэл улирлын томуугийн дэгдэлт үргэлжилдэг. 

Иймд улирлын томуугийн дархлаажуулалттай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

-Томуугийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхээр нэмэлт санхүүжилт авах асуудлыг ярьж байгаа гэж та өмнө нь мэдээлж байсан. Энэ асуудал шийдэгдсэн эсэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Манай улс жил бүр эрсдэлт бүлгийн хүн ам буюу эмч, эмнэлгийн ажилчид, нийслэлийн утаатай дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдүүд, 60-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүсийг улирлын томуугийн вакцинаар дархлаажуулдаг.

Харин энэ жил COVID-19 халдвар дэлхий даяар дэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ болон бусад эрдэмтэн COVID-19-ийн вакцин гарч амжаагүй энэ нөхцөлд улирлын томуугийн вакциныг хийх нь үр дүнтэй гэсэн зөвлөмж өгч буй.

Иймд бид улирлын томуугийн вакцинд хамрагдах хүн амынхаа тоог нэмж тооцоолон вакцинаа захиалаад байна.

-Манай улс жил бүр улирлын томуугийн хэчнээн тун вакцин оруулж ирж, хэдэн хүнийг дархлаажуулдаг вэ. Энэ жил хамрах хүрээг хэрхэн нэмэгдүүлэхээр тооцсон бэ?

-Улирлын томуу нь өөрөө хүндрэл ихтэй өвчин. Тодруулбал, жил бүр дэлхий дахинд улирлын томуугаар 300-500 мянган хүн эндэж байна гэсэн тоо баримт бий.

Иймд манай улс сүүлийн долоон жил улирлын томуугийн вакцинаар хүн амаа дархлаажуулж байгаа бөгөөд жилд 200-300 мянган хүн тун вакциныг Засгийн газрын хөрөнгөөр авч, эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулдаг.

Энэ жил хамрах хүрээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Томуугийн дархлаажуулалтыг жил бүрийн аравдугаар сараас эхлүүлдэг. Цар тахалтай холбоотойгоор эрт эхлүүлэх боломжтой юу. Энэ жил яг хэзээнээс эхлэх вэ?

-Бид улирлын томуугийн дархлаажуулалтын эхний ээлжийн тунгаа эрт авах хүсэлтээ НҮБ-ын Хүүхдийн санд өгчихсөн байгаа.

Тодруулбал, Засгийн газрын хөрөнгөөр НҮБ-ын Хүүхдийн сангаас улирлын томуугийн вакциныг захиалсан гэсэн үг.

НҮБ-ын Хүүхдийн сангаас эхний ээлжийн тунг есдүгээр сарын 15-наас нийлүүлнэ гэсэн мэдээллийг ирүүлсэн.

Дэлхий дахинд улирлын томуугийн вакцин хомсдолтой байгаа учраас Эрүүл мэндийн яам уг вакциныг аль болох хурдан авч, эрсдэлт бүлгийн хүн амаа дархлаажуулахаар ажиллаж байна.

-Одоогоор хүн амын дунд реновирусийн ханиад зонхилж байна. Зарим хүн үүнийг харшилтай андуурах ч тохиолдол гарч байна. Реновирус болон улирлын томуугийн халдвараас сэргийлэхэд иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Реновирус нь амьсгалын дээд замыг үрэвсүүлдэг. Ялангуяа хамар, нүд, залгиур хоолойг үрэвсүүлдэг вирусийн төрөл бөгөөд харьцангуй хөнгөн явцтай ханиадыг үүсгэдэг.

Тиймээс үүнийг томуу гэлгүй ханиад шуухниа үүсгэдэг л вирус гэж үздэг.

Энэ вирусийн идэвхжил нь 9,10 дугаар сард өндөр байдаг бөгөөд үргэлжлүүлээд 11, 12 дугаар сард улирлын томуугийн вирус эргэлтэд ордог.

Иймд бид ялангуяа бага насны хүүхдүүдээ ханиаднаас урьдчилан сэргийлэхэд анхаарах шаардлагатай.Одоогоор өглөө, оройдоо хүйтэн болж байгаа учраас хүүхдийг цаг хугацаанд нь тохируулж дулаан хувцаслах, шим тэжээлтэй хоол өгөх, аль болох бүлээн халуун зүйл уулгах, аньс, чацаргана зэргээр дархлааг нь дэмжих хэрэгтэй.

Хүүхдийн дархлааг дэмжихийн тулд хамгийн гол нь эрт унтуулж байх шаардлагатай. Мөн олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт зүүх, гараа тогтмол угаах нь вирусээс урьдчилсан сэргийлэх хамгийн сайн арга.

Түүнээс гадна вируийн гаралтай ямар ч өвчин тухайн хүний биеийн онцлогоос ихээхэн шалтгаалдаг учир реновирусийн ханиад туссан хүүхдийг клиникийн мэргэжлийн хүүхдийн эмчид үзүүлж, ямар эм хэрэглэх талаар зөвлөмж авах нь чухал.

-Манай улсад тарваган тахлаас өөр ямар халдварт өвчин идэвхжилтэй байна вэ?

-Одоогоор тарваган тахал өвчин идэвхжилтэй байна. Бусад халдварт өвчний идэвхжил харьцангуй гайгүй байгаа ч гэдэсний халдварт өвчин бага зэрэг нэмэгдэх хандлага ажиглагдаж буй.

Гэхдээ манай иргэдийн эрүүл ахуйн дэглэм сайжирсантай холбоотойгоор энэ жил халдварт өвчний гаралт эрс буурсан таатай үзүүлэлттэй байна.