Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн профессор Монгол улсын цар тахалтай хийж буй тэмцлийг магтжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр BBC агентлагийн вэбсайтад “Coronavirus: Is the world winning the pandemic fight?” (Дэлхий нийт цар тахалтай хийх тэмцэлд ялж байна уу?) гэсэн гарчигтай нийтлэл гарсан байна.

Уг нийтлэлд сэтгүүлч Жэймс Галлахер Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага коронавирусийн тархалтыг цар тахал болсныг зарласнаас хойшх зургаан сар орчим хугацаанд ямар үр дүн гарсныг тоймлон бичжээ.

Ингэхдээ нөөц боломж багатай ч цар тахалтай амжилттай тэмцэж байгаа Монгол улсыг жишээ болгон дурдсан байна.

“Энгийн зүйлсийг зөв хэрэгжүүлснээр ядуу буурай орнууд ч амжилт олж байна. Тухайлбал Монгол улс цар тахал анх дэгдсэн Хятад улстай хамгийн урт хилээр залгадаг. Энэ улсад тахал хамгийн муугаар нөлөөлөх боломжтой байсан. Гэтэл долдугаар сарыг хүртэл энэ улсад ганц ч өвчтөний бие эрчимт эмчилгээнд шилжтэлээ муудсангүй. Өнөөдрийг хүртэл ердөө 293 тохиолдол бүртгэгдэж, ганц ч хүний амь гарздаагүй байна” гэж сэтгүүлч бичжээ.

Нийтлэлд Лондон хотын School of Hygiene and Tropical Medicine сургуулийн профессор Дэвид Хэйманн ярихдаа “Монгол улс хязгаарлагдмал нөөц боломжтой ч сайн ажиллаж чадсан. Тэд сэжигтэй тохиолдол бүрийг тусгаарлаж, хавьтлын хүрээг нь тодорхойлж, хавьтлуудыг нь ч тусгаарлаж чадсан байна. Сургуулиудыг эрт хааж, хилийн хориг тавьж, амны хаалт зүүх, гараа угаах дадлыг эртнээс ухуулж сурталчилж эхэлсэн” гэж ярьсан байна.

Профессор нөгөө талаар улс орнуудын удирдагчид тахлыг үл тоож, эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүдтэйгээ нэгдсэн байр суурьтай ажиллаж чадаагүйгээс вирусийн тархалт нэмэгдсэн жишээг АНУ, Бразил улсуудаар жишээ авч ярьжээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол бараг 20 саяд хүрсний 40 орчим хувь, 730,000 орчим хүн нас барсны 36 хувь нь дээрх хоёр улсад оногдож байна.

 

Эх сурвалж: BBC