Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Чойхайнзан кино продакшны “The Woman” киноны хэлэлцүүлэг

ikon.mn
2020 оны 8 сарын 9
iKon.MN

Ганбаатарын НАНДИНБИЛИГ

ХБУ-ны доктор Ph.D

МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим

 

Чойхайнзан фильм продакшны “ The Woman” хэмээх шинэ уран бүтээл дэлгэцэд гараад удаагүй байна.

Тус кинонд монгол эмэгтэйн эрхэм чанаруудыг үзүүлэхдээ бэлгэдлийн аргаар далд санаагаа илэрхийлсэн нь монгол аман зохиол, уламжлалт соёлыг голлон судалдаг миний сонирхлыг татсан ба уран бүтээлийн үнэт чанарыг нэмэгдүүлэхэд үндэсний соёл хийгээд бэлгэдлийн үүрэг ямар чухал болохыг таниулах үүднээс энэхүү шүүмжийг бичиж байна.

Энэ кинонд Алтайн өндөр ууланд мал аж ахуй эрхлэн амьдрах нэгэн монгол айлын аж төрлийг харуулах ба гол дүрийн эмэгтэйг Дагийна гэнэ. 

Дагийна бол эр нөхрөөсөө бэлэвсэрч үлдсэн ч бэрхшээлийн өмнө сөхрөлгүй өрх гэрээ авч яваа эхнэр, үр хүүхдээ өсгөж буй ээж, өндөр настай хадам эхээ өргөн асарсан бэр, залуу сайхан бүсгүй бөгөөд  хадам ээж Ерөөлт, 10 орчим настай хүү Идэр, сургуульд орох насны охин Үжин нарын хамт амьдарна. Гэр бүлийн гишүүдийг хүйсийн хувьд авч үзвэл гурван эмэгтэй, нэг эрэгтэй байна. Гурван эмэгтэй нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг төлөөлж  чадаж байхад  нэг эрэгтэй нь зөвхөн ирээдүйг төлөөлнө. Гэр бүлийн гишүүдийг ийнхүү хүйсийн тэнцвэргүй байдалтайгаар үзүүлснээр амьдралыг үүрэх ачаалал эмэгтэйчүүд дээр төвлөрч буйг илтгэсэн байна. Киноны нэр, сэдэв ч эмэгтэйчүүд рүү шууд нэрлэн чиглэж байна. Иймээс чухам тус киног эмэгтэйчүүдийн сэдвээр дэвшүүлсэн “шинэ хэлэлцүүлэг” гэж ерөнхийд нь тодорхойлж болох юм.

Дэлхий дахины утга зохиолд Х.Ибсений хам сэдэв нэрээр алдаршсан эмэгтэйчүүдийн асуудал нь XIX зууны сүүлээр нийгмийн анхаарлын төвд орж ирсэн ба өнөөг хүртэл хэлэлцэгдсээр байгаа юм. Монголын кино урлагт социалист реализм ноёрхож байсан жилүүдэд “Элбэг дээл”, “Энэ хүүхнүүд үү”, “Хань”, “Жаргал даахгүйн зовлон”, түүхэн киноноос “Мандухай цэцэн хатан” гэхчлэн олон кино эмэгтэйчүүдийн сэдвээр үзүүлж, үзэгчдийн талархлыг хүлээснийг бид мэднэ. Харин ойрх цагийн дэлгэцийн уран бүтээлүүдэд энэ сэдвээр далайцтай  бүтээл гарсан санагдахгүй байна.

Эмэгтэйчүүдийн сэдвээр үзүүлсэн тус киноны дэвшүүлж буй санаа нь феминизмийн үзэл  санаа бүхий өнөөгийн уран бүтээлээс юугаараа онцлог ялгаатай вэ? Өрнөдийн урлаг, утга зохиолд эл дол болсон энэ сэдвээр монгол хүн уран бүтээл туурвихын бэрхшээл хийгээд  давуу тал нь юу вэ? Эмэгтэйчүүдийн дуу хоолой, хувийн ба нийгмийн орон зайн асуудлаар бичвэрт юуг хэлж, бас юуг хэлээгүй байна вэ? Эдгээр асуултад хариулт хайцгаая.

Энэ кинонд монгол эмэгтэйчүүдийн хөдөлмөрч тууштай чанар, хүндлэл ачлал төгс уудам сэтгэл, саруул ухааныг мал аж ахуйн соёл, нүүдлийн иргэншлийн хөрсөн дээр тавьж  үзүүлжээ. Кинонд гол дүрийн эмэгтэй гэрт орж эм, гадаа гарч эр болж тасралтгүй хөдөлмөрлөж, эмэгтэй хүнд хүнддэх ачааг ганцаар үүрч /араг үүрэх, ээжийгээ үүрэх гэх мэт/ байна.  Миний бодлоор эмэгтэйчүүдийн үүрч буй ачааны тухайд хөндөж буйгаараа зарим уран бүтээлийг санагдуулж байгаа ч бэрхшээлийн өмнө огтхон ч сөхрөлгүй хатуужин байгаа монгол бүсгүйн үзэл бодол, үнэт зүйлсийн тухайд кино ялгаатай санааг дэвшүүлж байна. Байгалиа шүтэж, байгалиа аргадан, нүүдэллэн амьдрах монгол ахуйн дундах малчин эмэгтэйн дүрийг бүтээхдээ, Алтайн нурууны сав газрын малчдын аж төрөл, тэр дундаа эрс өндрийн нүүдлийг сонгож үзүүлжээ. Байгалийн сүр хүч нь хатуужин ухаажих эмэгтэйг улам хүчирхэг болгон чимж байна.

 

Кинонд гарч буй эрэгтэйчүүдийн дүр гэвэл хүү Идэрээс гадна нас барсан нөхрийн дүү,  бүсгүйд санаархах нутгийн нэгэн эр, ууланд шувууны зураг авах гэж яваад төөрсөн солонгос эр гэсэн хөндлөнгийн голдуу хүмүүс байна. Нөхрийн дүү хэдийгээр энэ гэр бүлд хамаарах ойрын хүн хэдий ч суурин газар ажиллаж, мал ахуйн соёлоос хөндийрөн одсон, “завгүй” нэгэн бөгөөд ээжийгээ нас барсны дараа л сая нэг үзэгдээд буцдаг. Харин зурагчин солонгос эрийн хувьд ёс үл мэдэх гаднын хүн боловч энэ гэр бүлийнхэнд чадахаараа тус дэм болсон ч явуулын хүн учраас мөн л ирсэн замаараа буцна. Тодруулж хэлбэл энэ айлд эр хүний хүч хөдөлмөр үнэхээр дутагдаж байгааг кинонд тодорхой харуулж байна.

Тус кинонд залуу сайхан бүсгүйд санаархах нутгийн эрчүүдийг төлөөлсөн нэгэн дүр бий. Тэрээр эднийхээр бууж мордон, зарим нэг ажлыг нугалж өгдөг хэдий ч Ерөөлт гуай түүнд огт нүүр өгөхгүй байсаар дуусдаг нь тухайн залууг бэрд нь хань болохгүй хүн гэж танисных байдаг. Мөнөөх залууг хонь муулж өгөхөөр ирэх үед хөгшин, залуу хоёрын дунд энэ жилийн газрын гарц, ургамлын талаар хэг ёг гэсэн хэдэн үг солилцдог хэсэг бий. Энэхүү харилцаа ярианд “Өвс л бол өвс биш үү, одоо ч цаг өөр болж байна” гэж цэцэрхэх залуугийн үг болон  малчин хүний ажиглалт туршлага дүүрэн Ерөөлт гуайн “Өвс их ургавал цас их унадаг л гэдэг юм даа. Хурдан унаагаар давхиж яваа хүн ямар юмаа ажиглах вэ дээ” гэсэн үгээр өнөөгийн мотоциклтэй малчдын үнэн төрхийг шүүмжилдэг. Энэ явдлын дараа мөнөөх залуу Дагийна бүсгүйд “Чамаас үг хүлээж удлаа. Одоо амьдралаа бодъё. Цаашид хоёулаа мэндтэй л явъя даа..”  гэж хэлээд хонины амь тасалж өгөх төдийхөн болоод шулуухан морддог хэсэг бий. Уран бүтээлчид маань энэ хэсгээрээ жинхэнэ малчин хүний эгэл юм шиг атлаа үнэт мэдлэг хийгээд тэднээс суръя мэдье гэх сэтгэлгүй хойч үеийн залуусыг харуулсан байна.

 

Зохиогчийн зүгээс малчин эмэгтэйн дүрийг илүү тодруулахын тулд, өнөөгийн хотожсон нийгмийн төлөөлөл болсон нэгэн эмэгтэйн дүрийг оруулж ирэх бөгөөд солонгос эрийн найз бүсгүйг түүний бодлоор дамжуулан зурвасхан үзүүлдэг.  Уран бүтээлийн далд санаагаа батлахын тулд өнөөгийн хотожсон нийгэмд эмэгтэйчүүд өөрсдийн байр суурийг олох хийгээд хадгалахын тулд гэрлэлтийг хойш тавих болсон тухай солонгосын нийгмийн сүлжээний мэдээллийг мөн зэрвэс сонсгодог. Чухам үүний цаана ямар зорилго байна вэ? Уран бүтээлчдийн зүгээс эмэгтэйчүүдийн үзэл бодол, үнэт зүйлсийг хэлэлцүүлэхдээ гэрлэлтийн сэдвийг гол оньсоо болгон авч, эмэгтэй дүрийнхээ үзэл хандлага, үнэт зүйлсийн ялгааг тодруулсан байна. Энэ бол нэгэн цаг үед нэгэн дэлхий ертөнцөд зэрэгцэн амьдарч буй ч хоорондоо эрс ялгаатай соёлын орчин, өөр өөр үнэт зүйлс бүхий эмэгтэйчүүдийг эсрэгцүүлэн харуулах замаар өнөөгийн өөрчлөгдөж буй нийгмийг эргэцүүлэн бодох боломжид үзэгчдийг дагуулахыг зорьсон байна. Өнөөгийн хурдтай нийгэмд эмэгтэйчүүд байр сууриа олохын тулд гэр бүл, үр хүүхдээ хойш тавин зүтгэх нь хэр утга учиртай зүйл болохыг эргэцүүлэн бодохыг энэ кино сануулж байна. Кинонд өнөөгийн хотожсон, чөлөө завгүй, хурдтай нийгмийг үзүүлэхдээ түм түжигнэсэн Сөүл хотын гудамжны зураглалыг эрээлжлүүлж, киноны далд санаагаа радио мэдээгээр хэлүүлсэн нь хэтэрхий хялбарчилсан шийдэл мэт санагдавч энэ киноны хувьд зорилгоо биелүүлсэн байна. Өнөөгийн бидний хувьд энэ нь аль хэдийн өөрийн уламжлалт соёлоосоо ч илүү танил нийгэм болсон тул үүнээс илүү зүйл нурших үнэхээр хэрэггүй юм.

 

Солонгос эрийн нүдээр харвал тус хоёр эмэгтэйн байдал эрс эсрэгцэж байна. Түүний найз бүсгүй нь бэлтгэн хүлээсэн хоолыг нь хамт идэхээс татгалзаж, ямар нэгэн төслийн амжилтаас ирээдүйн байр суурь нь хамаарах гээд байгаа тухай хөндий хоолойгоор  ярина. Кинонд түүнийг оноосон нэр усгүйгээр, найз залуугийнх нь бодлоор дамжуулж харуулах ба тус дүрийг малчин бүсгүйн дүртэй эсрэгцэл болгож оруулсан нь илт байна. Гэрлэлтэд хандах хандлагын тухайд Дагийна бүсгүйн хувьд эрэгтэй хүнд нууцхан дасах сэтгэл, хосын амьдралд тэмүүлэх тэмүүлэл нь мэдрэгдэж байгаа бол, солонгос бүсгүйн зүгээс найз залуутайгаа гэр бүл болох бодолгүй байгаагаа нуухгүй байна.  Эндээс харахад гол дүрийн эмэгтэйн хувьд хоёр дахь амьдралыг босгож чадах халуун сэтгэлийн гал нь бөхөөгүй  амьдлаг дүр байгаа бол, нөгөө эмэгтэй нь нийгэмд байр сууриа олж авахад саад болно гэсэн бодлоор гэрлэлтээс татгалзаж буй олон эмэгтэйчүүдийн төлөөлөл дүр байна. Энэ кинонд нэг талаас амьдралын ачааг ганцаар үүрэвч сэтгэл хангалуун, шийдвэр төгс орших хөдөөгийн малчин бүсгүй, нөгөө талаас найз залуу нь идэх хоолыг нь бэлтгэн хүлээсэн ч үргэлжийн сэтгэл ханамжгүй байх хотын бүсгүй хоёр үнэхээр үзэл бодол, үнэт зүйлээрээ эсрэгцэн байна. Кинонд энэ хоёр эмэгтэй нэг нэгнээ огтхон ч танихгүй, уулзаж учрах ч үгүй бөгөөд зөвхөн солонгос эрийн бодлоор л ялгаа нь тодорч харагдана.  Мөн кинонд Дагийна бүсгүйг нөхөн үржсэн буюу гэрэлт ирээдүй болсон хүү охин хоёртойгоор үзүүлснээрээ хөдөөгийн амьдрал бэрхшээлтэй ч жамаараа үргэлжилнэ гэсэн санааг илтгэсэн байна. 

 

Аливаа уран бүтээлд эмэгтэйчүүдийн дүрийг хэрхэн бүтээсэн хийгээд тэдний дуу хоолойг хэрхэн илэрхийлж байгаа нь тун сонирхолтой. Кинонд бэрийн дуу хоолой гэхээсээ хадам ээжийн бэрдээ захиж хэлж буй сургаал “Эмэгтэй хүн гэдэг эр хүний нөмөр нөөлөг түшиж амьдардаг жамтай юм” гэсэн үг тодоос тод сонсогдоно. Ээжийн энэ үгийг үзвэл, өнөөгийн хараасаар” хоцрогдсон” гэж нэрлээд удаж буй хоёр агуулга байна. Юуны өмнө жам” гэсэн үгийг “зүй тогтол” гэж ухаарахаа болиод, “хувь заяа”-ны тухай сохор номлолтой эндүүрэх болсон нэгэнд бол шууд л үгүйсгэх бодол бууна. Нөгөө нь “эр хүний нөмөр нөөлөг”-ийн тухай шууд л хэлчхэж байгаа нь хэтийдсэн феминист нэгнийг “эмэгтэйчүүдийг дорд үзэж,  эрэгтэйчүүдийг дөвийлгөх үзлийг идэвхжүүлж байна” хэмээн хашгиран эсэргүүцмээр болгох буй за.  Гэхдээ тайвширч бодолхийлэх боломжийг кино өөрөө өгдөг нь тус үгийг өнгөрсөн цагийн төлөөлөл болж буй настай эмэгтэйн амаар хэлүүлж буй.  Энэ үг хэдийгээр өчигдрийн итгэл үнэмшил гэж зайлсхийж болох ч нүүдлийн мал аж ахуйн соёлын хүний хувьд зайлшгүй “үнэн”-ийг хэлж байна. Нүүдэллэн малжих соёлын ахуйд отор нүүдэл хийх,  орон гэрээ барьж буулгахаас эхлээд шөлний хонио гаргах гээд бүхий л ажилд эрэгтэй хүний хөдөлмөрийн үүрэг үнэхээр нэн чухал төдийгүй  монголчууд бидний соёл бол “Эмэгтэй хүн хэчнээн хүчирхэг эрмэг байлаа гээд “мал муулахгүй”, “тооно түшихгүй”,  “эрэгтэй хүн хэчнээн ажилсаг нямбай байлаа гээд “элгэн тараг эвдэхгүй”, “дээс томохгүй” гэсэн үеэс үед дамжсан соёлын кодтой ард түмэн билээ. Магадгүй энэ л соёлын код нь биднийг хосын амьдралд түлхэн оруулж, уян үлдээх гол түлхүүр нь ч байж мэдэх юм. Чухам үүгээрээ эмэгтэйчүүдийн сэдвээр бичсэн өрнөдийн бүтээлүүдээс энэ кино тод ялгарч  байна.

 

Эмэгтэйчүүдийн сэдвээр хэлэлцүүлсэн энэ кинонд монгол соёлын бэлгэдлийн кодуудыг өргөн ашиглах замаар далд санаагаа дамжуулсан нь үнэхээр мэргэжлийн түвшинд болсон бөгөөд тус киноны уран сайхны үнэ цэнийг өндөрт өргөж байна. Үүнийг дараах хэдэн жишээгээр баталж болно. Үүнд:

  1. Араг үүрсэн эмэгтэй. Араг гэдэг бол монгол соёлд эмэгтэй хүний жаргал зовлонг гэрчилж, төрөхөөс үхэхийг хүртэл хамт байдаг нэн чухал соёлын бэлгэдэлт дүр билээ. Энэ кинонд өөр өөр цаг үеийн төлөөлөл болсон хоёр эмэгтэй дүрийг  нэгэн “араг” холбож байдаг. Дагийна бүсгүйг энэ айлын бэр болон анх ирэхэд  хадам ээж нь үр хүүхдээ төрүүлэхдээ түшиж төрсөн “араг”-аа бэрдээ бэлэг болгон барьдаг. Кинонд аргаа үүрээд аргал түүж яваа бэрийг харуулан, энэ үед хадам ээж бэрээ дурандан суухдаа эмэгтэй хүний заяа тавиланг эргэцүүлэн, амьдралын ачааг ганцаар үүрч үлдэх бэрээ энэрэн өрөвдөж,  ач охиндоо “Ээжийгээ л хайрлаж яваарай” гэж захиж буй нулимс унаган уярам нэгэн хэсэг бий. Хадам ээжийн бэрдээ өгсөн араг, бэрийн үүрээд аргал түүж буй араг, хадам ээжийг хөдөөлүүлэхэд тэмээнд тэгнэсэн тэр л “араг” энэ айлыг гал алдуулахгүй үүрч яваа хүмүүс бол эмэгтэйчүүд юм шүү гэдгийг бэлгэдэн харуулсан байна.
     
  2. Дээс томж буй эмэгтэй.  Дээс бол монгол соёлд гүнзгий утгатай. Монгол уламжлалт даллагын үгэнд “Эмэг эхийн томсон дээсээр эр шар түрүүт хургыг хөгнөн билээ” гэж малын буян заяаг даллан дууддаг. Монгол мал аж ахуйн соёлд “эцгийн элдсэн сур” нь эр хүний унаатай, ганзагатай явахын бэлгэдэл байдаг бол “эмэг эхийн томсон дээс” нь төлтэй, саальтай байхын бэлгэдэл болдог. Кинонд ээж гэрийн баруун хатавчинд суугаад,  нээлттэй хаалгаар нутгийнхаа барааг харан, дээс томж буй зураглал тодхон буй. Мөн ээжийг нас барсны дараа газраар хөглөрөх ноосон түүдгийг Дагийна бүсгүй хаман авч, түүний дутуу үлдээсэн дээсийг гүйцээн томж суудаг. Кинонд ийнхүү дээсний бэлгэдлээр мал аж ахуйн соёл тасралгүй үргэлжилнэ гэсэн санааг бэлгэдэн үзүүлсэн нь нэн оновчтой шигтгээ болсон байна. Тодруулж хэлбэл, монгол соёлын үл алдрах, үл тасрах тухай чухаг санааг “дээс”-ний соёлоор бэлгэдэн үзүүлжээ.
                                                                                     
  3. Тооно түшиж буй эмэгтэй. Киноны төгсгөлд Дагийна монгол гэрийнхээ тооныг ганцаар түшин зогссоор буйгаар монгол уламжлалт ахуй соёл мөхөх ёсгүй гэдэг санааг бэлгэджээ. Дагийна бүсгүй малчин эгэл заяандаа сэтгэл дүүрэн байна. Нөхрийн дүү нь түүнд “Одоо та төв суурин бараадаж амьдарвал яасан юм бэ” гэж санал тавихад “Чи дүү нараа л сургуульд нь оруул. Эгч нь малчин хүн, энэ нутагтаа л байна “ гэсэн хариуг хэлдэг. Киноны хэрэг явдлын хамгийн анхаарал татах шийдэл нь энэ мөн бөгөөд эмэгтэйн энэ хариулт малчин бүсгүйчүүдийн дуу хоолой болон сонсогдож байна.  Дагийна бүсгүй ийнхүү амьдралд хатуужин,  өөрийн шийдвэртээ тууштай үлдэж байгааг зохиолд “бүсгүйн тооноо түшин зогссоор буй” зураглалаар бэлгэдэн үзүүлсэн ба эмэгтэйчүүдэд өөрийн бие даасан байдал, хүнлэг энэрэнгүй сэтгэл, хөдөлмөрч чанараараа бэрхшээлийг ялан гарахыг сануулж байна.
     
  4. Айл болж тоглох охин. Тус кинонд бас нэгэн сайхан зураглал байдаг нь чулуун гэрийн наадам, айл гэр болж тоглох хүүхдүүд, чулуун тоглоомоо авч нүүхийг гуйх охиныг үзүүлдэг. Энэ бол хүн бүрийн хүүхэд насны гэгээн дурсамжийг хөглөм сайхан зураглал бөгөөд уран бүтээлчид маань энэхүү чулуун гэрийн тоглоомоор ирээдүйн улиралд хосын амьдрал үргэлжлэн байхыг бэлгэдсэн байна.

Киноны гол дүрийн жүжигчдийн уран чадварын  тухайд би мэргэжлийн шүүмж хэлж чадахгүй ч  үзэгчийн сэтгэгдлээ хуваалцмаар байна. Гурван цагийн эмэгтэйчүүдийн дүрийг бүтээсэн жүжигчид гурвуулаа чадварлаг тоглосон. Хадам ээжийн дүрд тоглосон жүжигчин Т.Борхүү гуайн тухайд бүгд л нэгэн дуугаар шагшрахуйц амьд үнэмшилтэй тоглодог. Миний хувьд бэрийн дүрд тоглосон жүжигчин Ч.Ундралыг анх олны танил болсон дуу хуур зэргээс нь ч болсон уу, нэг л хотын хээнцэр охиноор төсөөлж байтал хөдөөгийн малчин эмэгтэйн дүрийг үнэмшилтэй атлаа үзэсгэлэнтэй сайхнаар бүтээж чадсан монгол эмэгтэйн язгуур мөн чанарыг сайн гаргаж чадсаныг хэлмээр байна. Тэрээр монгол бүсгүйн ухаан хийгээд сэтгэлийн хатамжийг бахархмаар амьдлаг бүтээж чадлаа. Энд олон жишээг нэрлэж болох ч би нэг л кадрыг онцлон хуваалцмаар байна. Нэг нь хадам ээжээ оршуулж ирчхээд, балчир үрсийнхээ нүднээс зугтан, гашуудлаа нутгийн уул усандаа л хуваалцахаар морддог хэсэг бий. Байгальдаа ганцаараа л байхыг хүссэн энэ хугацааг эвдэж орж ирсэн хүн бол нөгөө л харь соёлын эр. Мэдээж “Ахуна” шувууны тухай адилтгал энэ хэсэгт гүнзгий хамаатай ч энэ тухай би энд өгүүлэхгүй. Харин энэ хэсгийн харилцаа яриа маш чухал нэгэн санааг бидэнд илгээж байдаг. Тэд өөр өөрсдийн хэлээр яривч биесээ маш сайн  ойлгож байна. Энэ ойлголцлыг бүтээж буй гол зүйл юу вэ гэдэг дээр бид төвлөрөх ёстой юм. Үүнийг бид хүмүүнлэг ёс гэдэг. Энэхүү харилцаа ярианд утга зохиол судлалд бол “мөр хоорондын зай”-г унших гэж хэлдэг, “үг” ямар ч үүрэггүй болсон, зөвхөн жүжигчний л бүтээж чадах тэрхүү гашуудал хийгээд ухаарал дүүрэн агшныг үйл хөдлөл хийгээд харцаараа бүтээж чадсан нь жүжигчин Ч.Ундралын ямар ирээдүйтэй жүжигчин болохыг илтгэнэ.  Солонгос жүжигчний тухайд ч ямар  үндэс угсааны хэн  байх нь хамаагүй, ямар хэлээр ярьж буй нь чухал биш, хүн л болж төрсөн бол ойлголцох ёстой тэрхүү нэгэн  төрхөмслийг хялбархан бүтээж байна.

 

Энэ кинонд үхэл маш их гардаг. Бүсгүйн нөхрийн үхлийн тухайд дурсамж бодлоор дам мэдээлсэн бол  хадам ээж Ерөөлтийн үхэл болоод оршуулгыг анхаарлын төвд тавьж үзүүлдэг. Чингэхдээ үхлийг энэ хорвоогийн жам гэж уужуу тайван хүлээж авах  монголчуудын гүн ухааныг ч үзүүлдэг.  Кинонд үхлийн сүүдрийг үзүүлсэн ч үхэх төрөх ээлжлэх хорвоогийн жамыг мөн тэнцвэртэй үзүүлсэн гэж болно. Дагийна бүсгүй нүүдлийн замдаа нэгэн айлд буутал хөл хүнд залуухан бүсгүй хээл гажин өвдөж байхтай таарч,  хадам хөгшнөөсөө сурсан эрдмээрээ хэвлийг нь илж, засал хийж тусалдаг. Гэтэл тэр нь өнөөх эргүүлээд байсан эрийн шинэхэн эхнэр болж таардаг. Дагийна бүсгүй энэ үед дассан сэтгэлийн долгислоо дотроо нуун мордоход мөнөөх эр түүнийг гаргаж өгдөг хэсэг бий.    Энэхүү зурвасхан кадрт бүсгүй хүний хүлээн дасах сэтгэлийг эр хүний хүлээцгүй шийдвэртэй тулгаруулахын хамтаар жирэмсэн эхнэрийнх нь итгэл сэтгэлийг гамнах Дагийна бүсгүйн хүнлэг сэтгэлийг ирээдүйд төрөх үрийнх нь амийг тогтоох сонин төөрөгтэй холбон үзүүлж ч амжсан байна. 

Зохиогч, найруулагчид нь сэдэв, хам сэдвээ сайтар боловсруулж, адилтгал бэлгэдлийн аргаар  өндөр түвшинд чадварлаг бүтээсэн ч гол дүрээ эмгэнэлээр хэт дарсан болон тайлал хэсэг нь тайлбар шинжтэй болж сунжирсан тал байна. Кинонд гол дүрийн эмэгтэйгээ эрэгтэй хүний нөмөр нөөлөгт жарган суулгаж үзүүлэхгүй гэж шийдсэн нь зүйтэй сонголт болсон ч дүрээ бэлэвсрэлийн золгүй тавилан дунд тавьж үзүүлснээрээ хэрэг явдлыг илүү хувийн шинжтэй болгосон байна.  Хэрвээ гол дүрийн эмэгтэйн нөхөр нь нас бараагүй, магадгүй солонгос руу ажиллахаар яваад сураг чимээ алдарснаар үзүүлсэн бол, илүү нийгмийн чанартай шүүмжлэл өрнүүлэх боломжийг дагуулах байлаа.  Бэлэвсрэл гэдэг бол эмэгтэй хүний хатуужлыг харуулах онцгой нөхцөл байдал мөн боловч түүхэнд тодорсон эрэлхэг хатдын баатарлалын тухай үзүүлэхээс бусад тохиолдолд золгүй хувь заяаны хонгил руу дагуулж, бүсгүй хүний заяа тавилангийн тухай улиг санаа руу халтируулчих гээд байдаг талтай билээ.  Миний бодлоор Дагийна бүсгүйн дүрийн оршихуйн бодит орон зайг биш гэхэд дотоод сэтгэлийн орон зайг илүү далайцтай тэлж харуулсан бол илүү сайн уран бүтээл болох байлаа.  

Эцэст нь давтан хэлэхэд энэ киноны гол санаа нь хотжилоор хөөцөлдсөн нийгэм нь уламжлалт мал аж ахуйд сөргөөр нөлөөлж байгааг харуулахын хамтаар хотожсон нийгэм нь эмэгтэйчүүдэд бие даасан эрх чөлөө, байр суурийг өгсөн гэхээсээ илүү тэднийг хосын амьдралаас холдуулж байгааг шүүмжилсэн байна.  Чингэхдээ хөдөөгийн аж төрлийг гал алдуулалгүй үүрч яваа малчин эмэгтэйчүүдийн амьдралыг үзүүлэх замаар хотын соёл даган одсон залуус, уламжлалт нүүдлийн мал ахуйн “буяны аргамжаа” болсон хөгшид, малчдын хүүхдийн сургууль боловсрол гээд Монголын өнөөгийн нийгмийн тулгамдсан олон асуудлын зангилаан дээр үзүүлснээрээ онцлог байна. Чухам иймээс кино эхлэхээс дуусан дуустал яригдаж буй нэг хам сэдэв бол “нүүдэл” байдаг. Орчин үеийн хотожсон нийгэм дэх эмэгтэйчүүдийн гэрлэлтийн талаарх үзэл хандлагын өөрчлөлт хийгээд нэгэн цаг үед тэдэнтэй зэрэгцэн амьдарч буй ч тэднээс эрс ялгаатай үзэл бодол, үнэт зүйлс бүхий монголын малчин эмэгтэйчүүдийг үзүүлэхдээ  малжих аж төрөл, нүүдэллэх иргэншил нь чухам юугаараа онцлог, юугаараа үнэ цэнтэй вэ гэдгийг анхаарлын төвд тавьж, “Бид нүүх үү, үлдэх үү?” гэсэн мөнөөх асуултыг уран сайхны хэлээр хэлэлцүүлж буйгаараа ач холбогдолтой байна. Хотын хээнцэр амьдралд хэт шунан тэмүүлэх өнөөгийн эмэгтэйчүүдийн  үзэл хандлагыг өөрчлөхийн тулд, байгальдаа ойр, уламжлалт соёлын дундаа эгэл амьдралаар аж төрөхийн тайвшрал хийгээд үнэ цэнийг ухааруулахын тухайд өөдрөг санаа дэвшүүлсэн нь ч ойлгогдож байна.  Монголын кино урлагт эмэгтэйчүүдийн сэдвээр туурвисан шинэхэн уран бүтээл болох “The Woman” (2020) киноны уран бүтээлчдийн эрэл хайгуул хийгээд хэлэлцүүлгийн үнэ цэнийг миний хувьд ийнхүү үнэлж байна.