Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ливаны нийслэлд иргэдийн тэмцэл хүчээ авч, засгийн газрын байруудыг эзэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Бейрут хотод болсон томоохон дэлбэрэлтийн дараа Ливаны иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн улам эрчимжсэн байна.

Бямба гарагт хэдэн мянган иргэн гудамжинд жагсаж, цагдаагийн хүчтэй мөргөлдсөний улмаас нэг цагдаагийн албан хаагч амь үрэгджээ.

Энэ үеэр хотын төв талбайгаас буун дуу сонсогдож байсныг хүмүүс гэрчилсэн байна.

Тэмцэгчид мөн хэд хэдэн яамны байранд нэвтэрсэн тухай мэдээлжээ. Тухайлбал гадаад хэргийн яамны байранд 100 гаруй тэмцэгч нэвтэрсний дотор чөлөөндөө гарсан армийн офицерууд байсан байна.

Тус яамны хаалга Мягмар гарагийн дэлбэрэлтийн үеэр эвдэрсэн тул нэвтрэхэд хялбар байсан тухай эх сурвалж мэдээлжээ. Хэдэн цагийн дараа цэргүүд гадаад хэргийн яамны байрнаас тэмцэгчдийг хөөж гаргасан ч бусад яамдын байрууд эзлэгдсэн хэвээр үлдсэн байна.

Бямба гарагийн жагсаалд оролцсон иргэдийн тоог 5,000-10,000 орчим гэж тооцоолсон байна.

Ливаны ерөнхий сайд Хассан Диаб улс төрийн хямралаас гарахын тулд сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах ёстойг мэдэгджээ.

“Бид парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахгүйгээр энэ улсад нүүрлээд байгаа системийн хямралаас гарах боломжгүй” гэж тэр телевизээр яриад Даваа гарагт засгийн хуралдаан дээр уг асуудлыг хэлэлцэхээ мэдэгдсэн юм.

Ливаны иргэд улс төрийн шинэчлэл хийхийг шаардаж, өнгөрсөн оны аравдугаар сараас хойш засгийн газрынхаа эсрэг тэмцэж байгаа.

Мягмар гарагт болсон дэлбэрэлт энэ тэмцлийг улам хурцатгаж байна. Дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 158 хүрч, шархдаж бэртсэн хүний тоо 6,000 даваад байгаа юм. Үүнээс гадна 300,000 орчим хүн орон гэргүй болжээ

2,000 гаруй тонн бордоонд хэрэглэдэг аммиакийн шүү хэмээх тэсрэмтгий бодис 2014 оноос хойш ямар ч хяналт шалгалтгүйгээр Бейрут хотын боомтод хадгалагдаж байсан нь мөрдлөгийн явцад ил болсон байна. Засгийн газар энэ хэрэгт холбогдуулан 21 хүнийг баривчлаад байгаагийн дотор Ливаны гаалийн газрын дарга багтжээ.

Ийм аюултай их хэмжээний бодис нийслэл хотын төвд ойрхон агуулахад олон жил хадгалагдаж байсан нь Ливанчуудыг бухимдуулж байна.

НҮБ-ын харьяа байгууллагууд Ливанд хүнсний хомсдол бий болж, коронавирусийн цар тахалтай тэмцэх боломжгүй болсноос хүмүүнлэгийн гамшиг үүсэхэд ойрхон байгааг анхааруулжээ.

Ням гарагт дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд Ливанд тусламж үзүүлэх асуудлаар видео хуралд оролцох юм. Уг хурлыг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: BBC