Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баасандорж: Хуучны номын анхны хэвлэлтийг олж унших хүсэлтэй хүмүүс л надад их ханддаг

ikon.mn
2020 оны 8 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Төв шуудангийн дэргэд 31 дэх жилдээ ном худалдаж буй Н.Баасандорж гуайтай ярилцлаа. Хуучны, ховор нандин бичгийн өвийг олон нийтэд хүргэсээр ирсэн түүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэл хотын “ХҮНДЭТ ИРГЭН”-ээр нэрлэж байлаа.


-Төв шуудангийн дэргэд олон жил ном зарж байгаагаар нь нийслэлийнхэн таныг сайн таньдаг. Ихэвчлэн хуучны, ховор ном Таны хажууд үзэгддэг. Та хэзээнээс, яагаад ном худалдаж эхлэх болсон юм бэ?

-Би 1988 оны намар мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт гарсан юм. Автобусны жолоочоор ажиллаж, тухайн үедээ өндөр цалин авдаг байсан учраас группийн тэтгэмж 70 төгрөгөөр амьдрах боломжгүй санагдаж билээ. Тиймээс 1989 оноос ном зарж эхэлсэн юм. Түүнээс хойш 31 жил ном зарж байна. Гэхдээ би хүнд муу юм өгөхгүй гэж өөртөө бодож, элдвийн бусармаг үйл явдалтай ном зардаггүй. Өөрөө заавал уншиж, судалж, үг зүй, найруулга зүйг үзэж, хүнд аль болох юм ойлгуулах, сайн сайхан ном л худалдахыг хичээдэг.

-1988 онд гэхээр Та их залуудаа группт гарсан болов уу?

-28 насандаа л группт гарсан. Би 13 наснаасаа туслах малчнаар ажиллаж эхлээд 15 насандаа туслах тракторчин, 18 насандаа тракторын жолооч болсон юм. Тэгээд цэрэгт явж ирээд л автобус баазад автобусны жолоочоор ажиллах болсон. 14 наснаасаа эхлээд л энэ хугацаанд дандаа л солярк, дизель хөдөлгүүртэй ноцолдож, халуунд халж, хүйтэнд хөрж явсан учраас ууц нурууны өвчтэй, хээрээр гэр хийж, энд тэндхийн гуанзанд хоол идэж явсан учраас ходоодны өвчтэй болсон юм. Энэ бүхнээс шалтгаалаад ажлаас эрт чөлөөлөгдсөн. Гэхдээ бага ангийн боловсролтой ч ном уншиж явсны ач тусаар би ходоодны өвчнөөсөө ангижирсан, чийг бамбай өвчин, соляркны хордлогоос салсан. Монгол ахуйн талаар жирийн нэгэн зохиол дотор л өвчнийг ямар ургамлаар яаж анагаах талаар өгүүлдэг. Лавшруулаад ардын эмчилгээний талаар уншиж судлаад хүн өөрөө өөрийгөө анагаах ухагдахууныг номоос олж авч болно. Сүүлийн 30 жил би эрүүл мэндийн байгууллагаар огт яваагүй.

-Төв шуудангийн зүүн буланд хэзээнээс ном худалдах болсон юм бэ? Зөвшөөрөлгүй газарт ном заруулахгүй гээд асуудал үүсдэггүй юу?

-Олон нийтийн зам дагуу номын худалдаа эрхлэхийг 1990 оноос хориглоод, Хүнсний 20 дугаар дэлгүүр, Цэцээ гүний хажууд ном зардаг байсан хүмүүсийг нэгтгэсэн юм. Удахгүй худалдааны гудамж байгуулах учраас номын худалдааг Урт цагаанд гаргахаар шийдвэрлэж байсан. Тухайн үед ажилгүй байсан учраас би эхнэртэйгээ хамт ном зардаг байлаа. Эхнэр маань Урт цагааны гудамжинд ном зарахаар болж, харин би өөрөө Төв шуудангийн хажууд зогсож эхэлсэн. Эхний таван жил хэцүүхэн байсан. Торгуулна, хөөгдөнө... Гэхдээ түүнээс хойш гайгүй болсон. Ганцаараа зогсож ном зарсаар өдийг хүрлээ.

-Таныг зорьж очиж ном сураглах, худалдаж авах хүн хэр олон байдаг вэ?

-Над дээр ирээд ном асуух, судлах, бүр олдохгүй бол захиад олуулдаг хүмүүс ч олон бий. 1990 оноос хойш өдийг хүртэл би 30-аад орны Монголч эрдэмтэдтэй нөхөрлөлөө. Хайсан номыг нь тэдэнд олж өгнө, өөрөө чадахгүй бол ном зарж байгаа бусад хүнтэй номоор солих, эсвэл аваад худалдаж өгдөг. Харин оюутан залуучуудын хувьд хуучны номын анхны хэвлэлтийг л олж унших хүсэлтэй надад их ханддаг.

1997 он хүртэл надаас бүх насныхан ном авдаг байлаа. 1997-2005 он хүртэл ер нь л 35-аас дээш насныхан авч байсан. Харин одоо 2005 оноос хойш ер нь бүх хүн ардын эмчилгээ, ёс заншил, түүхийн ном голцуу эрж над дээр ирж байна. Урьдын агуу сайхан хэллэгтэй яруу найраг, өгүүллэг, туужуудыг бас их сонирхож байгаа. Энэ хугацаанд хэдэн ном худалдсанаа би тоолж байсангүй. Харин миний мэдэж байгаагаар гурван аймаг, хувийн хэдэн номын сан, харанхуй газрын хүмүүст зориулж би 15,000 ширхэг ном хандивлаж байлаа.

-Хуучны, олдоц муутай ховор номуудыг, анхны хэвлэлтүүдийг Та хаанаас олдог юм бэ?

-Соёлын хувьсгал Монголд өрнөсөн 1960-аад оноос айл болгон номын сантай, хүн бүр тусдаа нүүр гарын алчууртай, орны цагаан хэрэглэлтэй байх ёстой гэдэг байлаа. Тэр бүрийг хүмүүс шалгадаг байсан учраас ном унших дуртай, дургүйгээс үл хамааран яндан гаргасан айл өрх болгон номын сантай болсон юм. Манай гэр бүлийн хувьд аав ээж, ах дүү нар маань бүгд л ном унших дуртай хүмүүс байсан учраас тэр хэрээр ном их цуглуулдаг байлаа. Одоо хүүхдүүд маань ч ном их уншдаг. Ном бол миний амьдралын тулгуур юм уу даа. Би их, дээд сургууль төгсөөгүй. Тэр бүү хэл бүрэн дунд боловсрол эзэмшээгүй, дөрөвдүгээр ангийн л боловсролтой хүн. Гэхдээ өнөөдөр миний амьдралыг ном л авч явж байна. Номоос уншсанаа, настан буурлуудаас сонссоноо өөрийнхөө амьдралд хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрсэн. Тийм ч учраас ном унших гэж, сонирхож ирсэн хүн болгонд л би ном бол амьдралын ихээхэн том ухагдахуун, багш юм шүү гэдгийг ойлгуулах гэж хичээдэг дээ.

-Саяхан танд тулгарсан санхүүгийн бэрхшээлийн талаар нийгмийн сүлжээгээр нэлээд яригдлаа.

-Би эхнэртэйгээ 28 жил ханилаад, дөрвөн хүүхэдтэй болсон юм. Гурван хүү, нэг охинтой. Энэ хугацаанд үеэл эгч дээрээ би өөрөө л очиж байснаас эхнэрээ биечлэн аваачиж танилцуулж байсангүй. Эхнэр маань хорооны хэсгийн ахлагчаар ажилладаг. Энэ зун аравхан хоногийн амралт олдохоор нь эхнэрээ аваад хөдөө явсан юм. Архангай аймгийн нутгаар сайхан явсан, үеэл эгчтэйгээ ч уулзсан. Гэхдээ гол гатлах гэж яваад хүүгийнхээ авч өгсөн машины моторыг цохиулчихсан. Энэ талаараа л ярьсан юм. Гэтэл энэ талаар их яригдлаа. Ном зардаг хүн байж гуйлга гуйлаа гээд олон хүнд хэлүүллээ. Гэхдээ би гуйлга гуйгаагүй ээ. Өөрийнхөө цуглуулсан, өөртөө байсан нэлээд номыг зараад, олсон мөнгөөрөө машиныхаа моторыг засуулсан.

-Энэ явдлын дараа Худалдаа, хөгжлийн банк танд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх санал тавьсан. Номоор дамжуулан хүүхдийг зөв төлөвшүүлэх талаар хэрэгжүүлдэг төсөлдөө тантай хамтарна гэлээ. Ер нь хүүхэд залуучуудад номын үнэ цэнэ, соёлыг түгээх талаар та ямархуу бодолтой байдаг вэ?

-Яармагийн ядаж нэг сургуулийн номын санд би өөрийнхөө цуглуулсан номыг хандивлая гээд Хан-Уул дүүргийн үе үеийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзаж, саналаа хэлж явсан юм. Ядаж нэг өрөө гаргаад өгөөч, хоёр хүн томилоод номын санг хариуцуулж өгөөч гэж хандаж байлаа. Би өөртөө ашиг хараагүй. Хамгийн гол нь хүүхдүүд буруу ярьж, буруу сэтгэж, гадуур их тэнэж байгааг л багасгахыг хүссэн юм. Гэтэл нэг нь ч надад эргэж хариу өгч байгаагүй. Нэг хүн намайг 30 сая төгрөгийн төсөвтэй төсөл бичээд ир гэсэн ч  би хаширлаад төсөл бичилгүй орхисон.

Худалдаа, хөгжлийн банк ном хандивлалаа, номын сан байгууллаа гээд олон удаа сонсож байсан. Харин Д.Эрдэнэбилэг гэдэг хүнийг ном сонирхоод хоёр, гурван удаа хажуугаар явж байсныг нь л мэдэх юм. Энэ хүнийг энд ажилладаг гэдгийг мэддэг байсангүй. Их сайхан үйл хийдэг юм байна. Урьд нь охинд маань тусалж байсныг нь өнөөдөр уулзаад бас мэдлээ. Охин маань таеквондогийн Ази тивийн аваргаар 13 насандаа шалгарч байсан юм. Хэвлэлийнхэн түүгээр нь охиныг маань мэдэх учраас их сургуулийн оюутан болж байгааг нь тухайн үед би ярьж байлаа. Түүнийг уншсан бололтой нэг хүн над дээр ирээд, охиндоо хувцас авч өгөөрэй гээд мөнгө өгөөд явж байсан. Өнөөдөр уулзаад дүр царайг нь хараад л тэр хүн мөн болохыг танилаа. Хүүхдүүдийн төлөө хийж байгаа “Номын сан 300 хөтөлбөр” сайхан үйлд нь оролцохоор гарын үсэг зурлаа. Миний зүгээс номын талаар, яагаад номыг биширч, амьдралынхаа гол зорилгоо болгосон талаараа хүүхдүүдэд дуртайяа ярьж хамтарч ажиллана.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.