Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ дэлхий нийтийг хамарсан аяллын хоригоо цуцлахдаа Монгол улсад зорчихыг хориглосон хэвээр үлдээв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа дэлхийн улс орнуудыг аюулгүй байдал талаас нь дөрвөн ангилалд хувааж, өөрийн иргэдийг зорчиход нь зориулсан зөвлөмжийг гаргадаг.

Нэгдүгээр ангиллын улсуудад зорчиход Америкчуудад аюулгүй гэж үздэг бол хоёрдугаар түвшний улсуудад зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөдөг. Харин гуравдугаар түвшний улсуудад зорчихоор төлөвлөж байгаа бол шийдвэрээ эргэж харахыг сануулж, дөрөвдүгээр ангиллын улсуудад огт зорчихгүй байхыг анхааруулдаг юм. 

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн бүх улс орнуудыг бөөнд нь дөрөвдүгээр ангилалд оруулж байжээ. Өөрөөр хэлбэл Америкчуудад гадаад орнууд руу огт аялахгүй байхыг анхааруулсан юм.

Тэгвэл өчигдөр тус улсын төрийн департмент бөөнөөр нь хориглосон энэ шийдвэрээ цуцалж, улс нэг бүрээр нь ангилдаг өмнөх хэлбэртээ буцаж шилжжээ.

Ингэхдээ аялахгүй байхыг анхааруулдаг дөрөвдүгээр ангилалдаа дэлхийн 55 улс орныг хэвээр үлдээсний дотор Монгол улс багтсан байна. Энэ ангилалд манай хоёр хөрш орноос гадна Умард Солонгос, Куба, Афганистан, Иран, Ирак, Сири, Венесуэль зэрэг улс төрийн хувьд тогтворгүй орнуудаас гадна цар тахлын нөхцөл хүнд байгаа Бразил, Энэтхэг зэрэг орнууд багтжээ.

Нэгдүгээр ангилалд хоёрхон улс, бүс нутаг багтсан нь Тайвань, Макао хоёр болсон байна.

Улс орнуудыг ангилсан дэлгэрэнгүй жагсаалттай энэ холбоосоор танилцах боломжтой.

 

Эх сурвалж: Associated Press