Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Алдартнуудын твиттер хаягт хууль бусаар нэвтэрсэн залуугийн шүүх хурлыг хакерууд тасалдуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Долдугаар сарын дундуур Барак Обама, Жо Байден, Илон Маск, Кэни Уэст зэрэг Америкийн улс төр, бизнес, урлагийн алдартнуудын твиттер хаягт хакерууд нэвтэрч, тэдний хуудсаар биткоины луйврын зар тараасан юм. Халдлагад Apple, Uber зэрэг компанудын албан ёсны твиттер хаягууд мөн өртсөн байна.

Илгээсэн биткоиныг нь хоёр дахин өсгөж өгнө гэсэн зард итгэсэн хүмүүс нийтдээ $100,000-тай тэнцэх хэмжээний дижитал валютыг хакеруудын данс руу шилжүүлжээ.

Уг халдлагад нийтдээ 130 орчим твиттер хаяг өртсөн юм.

Өнгөрсөн Баасан гарагт халдлагыг зохион байгуулсанд сэжиглэгдсэн Тампа хотын оршин суугч, 17 настай Грэм Айван Кларкыг цагдаа нар баривчилжээ.

Түүнтэй хамтарсан Британийн иргэн, 19 настай Мэсон Шеппард, АНУ-ын Орландо хотын оршин суугч, 22 настай Нима Фазели нарыг бас баривчилсан байна.

Өчигдөр Флорида мужийн шүүх Кларкын хэрэгтэй холбоотой шүүхийн сонсголыг Zoom видео холбоогоор зохион байгуулжээ. Өмгөөлөгчид нь түүнд тогтоосон барьцааны мөнгө болох $725,000-ыг багасгах хүсэлт гаргасныг энэ үеэр шүүгч нар хэлэлцсэн байна.

Гэтэл шүүхийн сонсголын Zoom холбооны дундуур хакерууд нэвтэрч, дэлгэцэнд порно дүрс гаргаж, рэп дуу тоглуулж эхэлжээ.

Шүүгч Кристофер Нэш сонсголыг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Хэсэг хугацааны дараа ажиллагааг үргэлжлүүлэхэд хакерууд дээрх халдлагаа давтжээ. Ингээд хэд хэдэн удаа тасалдсан шүүхийн сонсгол эцэст нь өндөрлөж, Кларкын барьцааны мөнгөний хэмжээг бууруулах хүсэлтийг шүүгч нар хэрэгсэхгүй болгон хэвээр үлдээжээ.

 

Эх сурвалж: AFP