Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны сонгуульд гадаадаас нөлөөлөх оролдлогын талаар мэдээлэл өгсөн хүнд АНУ-ын засгийн газар $10 саяыг амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ирэх намар болох ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд гадаадаас нөлөөлөх оролдлогын талаар мэдээлэл өгсөн хүнийг $10 саяар шагнах болсноо АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр зарлажээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө 2016 онд сонгогдохдоо Оросын тусламжтай сонгогдсон гэж сэжиглэгддэг ч уг асуудалд хэр их анхаарал тавьж байгаа нь эндээс харагдаж байна.

Помпео мэдэгдлийнхээ үеэр энэ шийдвэр нь Орос болон бусад дайсагнагч улс орнуудын зүгээс сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлогыг таслан зогсоох зорилготой гэж ярьжээ.

АНУ-ын тагнуулын байгууллага 2016 оны сонгуулийн үеэр Оросын талаас сошиал сүлжээгээр хүмүүсийн дунд хутган үймүүлэх ажиллагаа явуулсныг тогтоосон ч үүний цаана Москвагийн эрх баригчид байсныг нотолж чадаагүй юм.

Харин Помпео мэдэгдлийнхээ үеэр Хятад улсын нэрийг дурдаагүй өнгөрсөн байна.

Сүүлийн үед Оросын талаас АНУ-ын олон нийтийн дунд коронавирусийн цар тахалтай холбоотой худал мэдээлэл тараах ажиллагаа идэвхтэй хэрэгжиж байгааг Лхагва гарагт төрийн департментын дэргэдэх судлаачид анхааруулсан юм.

Тухайлбал коронавирус нь Тагнуулын Төв Газар, эсвэл тэрбумтан Билл Гэйтсийн зохион байгуулсан зүйл гэх онолыг сошиал сүлжээнд хамгийн их тарааж байгааг анхааруулсан байна.

Ингэхдээ Оросууд мөрөө баллах зорилгоор Британи дахь сошиал хуудаснуудыг ашигладаг болохыг тогтоожээ. ОХУ-ын засгийн газар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх ажиллагаа огт явуулаагүй гэдгээ удаа дараа мэдэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: AFP