Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлах байруудад хуваариар очиж, хоолонд нь амталгаа хийх болсноос хойш зөрчлүүд цэгцэрсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр тусгаарлах байрны хоолтой холбоотой гомдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тусгаарлах байруудын хоолтой холбоотой гомдлууд байдаг. Тухайлбал, Тоёоко Инн зочид буудал дотроо гал тогоогүй учир тэнд байгаа хүмүүсийн хоолны асуудлыг Зэвсэгт хүчний Жанжин штаб хариуцаж буй. Яагаад заавал гал тогоогүй зочид буудал сонгосон юм бэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

"Шуурхай штаб асуудал болгоныг газар дээр нь очиж шийдвэрлэж байгаа"

Хурандаа Б.Ууганбаяр усгаарлах байр болгонд хоолтой холбоотой зөрчил гараагүй. Тоёоко Инн зочид буудлыг доороо гал тогоо байхгүй гэдгээр нь шалтаглавал бид нэг онгоцоор ирэх иргэдээ хүлээж авч чадахгүй.

Тиймээс бид иргэдээ авахын тулд л зохион байгуулалттай арга хэмжээ авсан.

Одоогоор тухайн буудлаас 250 метрийн зайд орших цэцэрлэгийн гал тогоог ашиглаж байна. Бид төрийн цэргийн байгууллагын мэргэжлийн тогооч нарыг ээлж дэс дараатайгаар, албан бичгээр гуйлт тавьж байж 21 хоногийн хоол үйлдвэрлэлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж буй бөгөөд хоолыг нь нийслэлийн Цэргийн штаб, нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр түгээн ажиллаж байгаа.

Шуурхай штабаас тусгаарлах байруудад гарсан асуудал болгонд хүмүүс явуулж, газар дээр нь очиж, хоолыг нь хүртэл үнэрлүүлж үзээд шийдвэрлэж буй. 

Энэ бол зөвхөн гал тогооноос хамааралтай асуудал биш бөгөөд цаана нь маш олон хүний хүч хөдөлмөр бий.

Төрийн цэргийн байгууллагаас очиж ажиллаж буй алба хаагчид бүгд мэргэжлийн тогооч. Ямар их зүйл хийж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Учир нь энэ тийм хялбар ажил биш.

Би хамтран ажиллаж буй тусгаарлах байруудынхаа нэрийг дурдмааргүй байгаа ч үйл ажиллагаа нь сайжирч байгааг албан ёсоор хэлье. Манай хангалтын баг тусгаарлах байранд хуваарь гарган очиж, амталгаа хийн ажиллах болсон. Түүнээс хойш энэ зөрчил цэгцэрсэн. Шаардлагатай гэвэл хоол үйлдвэрлэлийг очоод үзэж болно. 

Бидний үйл ажиллагааг дэмжиж ажиллаж буй тусгаарлах байруудын холбогдох хүмүүст талархал илэрхийлье" гэв.

"Суларч буй тусгаарлах байруудад дараагийн хүн орохын өмнө цэвэрлэгээг шалгана"

"Тусгаарлах байруудад гарч байгаа гомдлуудын дийлэнх нь хоолны чанар, эрүүл ахуйн талаар болон тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөл/агааржуулалт, цэвэрлэгээ, үнэр гэх мэт/-тэй холбоотой байсан аж.

Энэ асуудлыг арилгуулахаар албан шаардлага өгч ажиллаж байгаа хэмээн МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд мэдээллийн үеэр хэлсэн юм.

Тэрбээр "Мөн байрны хүрэлцээ хангамж муугаас шалтгаалан эхэнд орсон хүмүүсийг гарснаас хойш дараагийн хүмүүсийг хүлээж авдаг. Энэ хоорондын хугацаа маш богинохон учраас цэвэрлэгээний асуудалд доголдол гарсан.

Үүнийг арилгах чиглэлээр суларч буй байруудад аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийснийг шалгаж байж дараагийн хүмүүсийг авахаар зохион байгуулалт хийсэн" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/588990477781350/videos/599957024014950