Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганзориг: Нийгмийн даатгалын салбарт шинэчлэл хийх ёстой

ikon.mn
2020 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн даатгалын тогтолцоо болон тэтгэврийн шинэчлэлийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын дарга Д.Ганзоригтой ярилцлаа.

-Нийгмийн даатгалын тогтолцоо, өнөөдрийн үйлчилж буй тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай гэж иргэд үзэж буй. Үнэхээр шинэчлэл хийх шаардлагатай эсэх талаар ярилцлагаа эхлүүлье?

-Дэлхийн ихэнх орны хүн ам эрчимтэй өсөхийн зэрэгцээ амьдралын чанар дээшилснээр насжилт өндөр болж байгаа нь хүсүүштэй үр дүн мөн боловч тэтгэвэр авах хугацаа уртассан нь засгийн газруудын шийдвэрлэвэл зохих асуудал болж хувираад байна. Иргэдийн дундаж насжилт, тэтгэвэр авагчдын тоо байнга нэмэгдсэнээр тэтгэвэр авагчдад ногдох ажилтай хүний тоо буурсаар байгаа нь манай улсад ч тулгамдаж буй асуудал. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт хүн амын 10 орчим хувь нь 55 болон түүнээс дээш настай бөгөөд энэ хувь цаашид ч өсөх төлөвтэй байгаа юм. 

1994, 1999 онд хийгдсэн тэтгэврийн тогтолцооны шинэчлэл тухайн үедээ үүргээ гүйцэтгэсэн тул шинэ түвшинд авч үзэх хэрэгтэй болоод байна. Учир нь 1999 оноос хойш бодлого боловсруулагчид тэтгэврийн бодлогыг тодорхойлохдоо жижиг хэмжээний өөрчлөлтүүдийг л хийж ирсэн нь иж бүрэн шинжилгээ судалгааны үр дүнд тулгуурлаагүй, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг сайтар төсөөлж чадаагүй тул санал болгосон өөрчлөлтүүд нь хүссэн үр дүнгээ өгч чадаагүй. Иймд тэтгэврийн даатгалын тогтолцоог даруй шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Өндөр хөгжилтэй орнуудын хуримтлуулсан туршлагаас харахад хуваарилалтын, хагас хуримтлалын, хуримтлалын гэсэн тэтгэврийн гурван тогтолцоо хэрэгжиж байна.
Манай улсын хувьд иргэдийг нийгмийн даатгалд хамруулах замаар Нийгмийн даатгалын сангийн орлого болон зарлагын гүйцэтгэлийг хангуулж, улмаар хуваарилалтын буюу эв санааны нэгдлийн зарчмаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжих нөхцлийг бүрдүүлээд байна.

Хагас хуримтлалын тогтолцоонд шилжихдээ Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны аргыг сонгосон. 1960 оноос хойш төрсөн иргэдийг нэрийн дансанд хамруулах зорилгоор даатгуулагчийн нэрийн дансны гарааны үлдэгдэл, төлсөн шимтгэл, эцсийн үлдэгдлийг бүртгэн хуримтлуулж, мэдээлэх ажлыг зохион байгуулсан боловч зохих үр дүнд хүрч чадахгүй л байна. 

-Тэтгэврийн тогтолцооны энэ олон эрсдлийг хэрхэн тодорхойлж байна вэ. Тухайлбал, мөнгөний ханш, инфляцын асуудал байна, 30 жилийн дараах мөнгөний үнэ цэнэ энд яригдах байх?

-Тэтгэврийн тогтолцоонд олон эрсдэл тулгарч байна. Тухайлбал, шилжилтийн болон одоогийн тогтолцооны хувьд шимтгэлийг бууруулсан, нөхөн даатгалын хууль баталж хэрэгжүүлсэн нь тэтгэврийн нэрийн дансыг бүрдүүлэх шимтгэлийн хэмжээг багасгасан, Засгийн газрын төлөх өрийг нэмэгдүүлсэн, хамгийн бага тэтгэвэр авагчдын тоог өсгөсөн зэрэг нь ихээхэн сөрөг үр дагаврыг үүсгэсэн. 

Тэтгэврийн энэхүү бодлогын дүнд ахмад настнуудын ялгаатай гурван бүлэг бий болсон. Тодруулбал, 1960 оноос өмнө төрсөн бөгөөд 1994 оны шинэчлэлээр тэтгэврээ тогтоолгосон, түүнд нь инфляцийн тохируулга хийгдсэн тэтгэвэр авагчид болон цаашид авах хүмүүсийн нэг бүлэг байна. Энэхүү бүлгийг “Хуучин болон шилжилтийн тогтолцоо” гэж нэрлэсэн. Харин 1979 оноос хойш төрсөн бөгөөд 1999 оноос бий болсон НДТТ-ны дагуу харьцангуй бага тэтгэвэр авах хүмүүс. Одоогийн тогтолцоонд хамрагдахгүй, тэтгэвэр авахгүй хүмүүс бас бий. Мөн мөнгөний хуваарь өөрчлөгдөж, ханш унасантай холбогдон 1995 оны шинэ хуулиар тэтгэвэртээ гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрөө маш их байсан.

Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмж ирсэн ч мөнгөний ханшны уналтыг гүйцэж байгаагүйгээс болж өндөр настнуудын олонх нь ядуучуудын эгнээнд шилжих нөхцөл үүссэн. Нэрийн дансны тогтолцоо нь одоохондоо хийсвэр хуримтлалын тогтолцоо тул дээр хэлсэнчлэн даатгуулагчийн төлсөн шимтгэл нь бодитойгоор дансанд хуримтлагдаагүй, зөвхөн дэвтэр дээр бичилт хийгдэж байгаа төдий юм. 

-Нийгмийн даатгалын тогтолцоо тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, ажилгүйдэл, Эрүүл мэндийн даатгалын сан гэсэн нийт таван сангаас бүрддэг. Үүнээс хамгийн ээдрээтэй нь Тэтгэврийн сан болоод буй. 2020 оны байдлаар л гэхэд улсын хэмжээнд нийт 660 мянган хүнд Нийгмийн даатгалын сангаас 2.5 их наяд төгрөг зарцуулахаар байсан. Том зургаар нь харахад, нийгмийн даатгалын тогтолцоо итгэлцэл дээр тогтдог харилцаа гэж ойлгож болох нь?

-Тэтгэврийн доод хэмжээг зөв тогтоох нь чухал асуудлын нэг болоод байна. Тэтгэвэрт гарах үеийн нэрийн дансан дахь мөнгөний үнэ цэнэ нь авах тэтгэврийг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тул улсын төсвөөс үзүүлэх татаасаас хамаарахад хүрээд байгаа юм. 

Тэтгэврийн доод хэмжээг дундаж цалинтай холбож тогтоож буй тул дундаж цалин өсөх бүрт Засгийн газрын төлөх тэтгэврийн өрийг нэмэгдүүлсээр  байна. Өндөр настан болон өндөр насны тэтгэвэр авагч иргэдийн талаар хэдэн тоо, баримт харвал, Монгол Улсын хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор 55 ба түүнээс дээш насны 310,319 иргэн тоологдсон. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2020-2045 он хүртэлх хүн амын хэтийн тооцооны дүнгээр өндөр настан хүн амын тоо 1.6 дахин өсөх хандлагатай байна. Түүнчлэн 2009 онд өндөр насны тэтгэвэр авагч иргэд 197 мянга байсан бол 2019 онд 307 мянга болж, сүүлийн 10 жилийн хугацаанд 110 мянгаар буюу 56%-аар өссөн байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа. 

Хөгшрөх үйл явц нь нэгэнт амьдралын жам ёсны үзэгдэл учраас ахмад настнуудад тааламжтай нөхцөлд хэвийн амьдрах бололцоог бүрдүүлж өгөх нь нийгмийн бодлогын нэн чухал хэсэг байх учиртай. Одоогийн үйлчилж буй зохицуулалтын гол хүндрэл нь санхүүгийн зах зээлийн сул хөгжил, өндөр эрсдэл бүхий хувийн хадгаламж болон өмч эзэмших эрхэд нөлөөлж буй эдийн засгийн тодорхой бус байдалтай ихээхэн холбоотой. Мөн инфляцын өндөр түвшин, нийгмийн хамгаалал болон ЭМД-ын хангалтгүй үйлчилгээ, хувийн тэтгэврийн системийн зохицуулалтгүй зэрэг нь байдлыг улам дордуулж байна.  

-Хамгийн гол асуудал нь хүн ам зүйн насжилт. Өндөр настны тэтгэврийн тогтолцоог шинэчлэх ямар гарц, боломж байна вэ?

-Тэтгэврийн сангийн хэтийн тооцоо буюу актуар тооцооллоос үзэхэд хуучин тогтолцоог хэвээр хадгалах тохиолдолд шимтгэлийн орлогоос тэтгэврийн зардал нэлээд хэмжээгээр давахаар байгаа юм. 

Өнөөгийн тогтолцоонд даруйхан өөрчлөлт хийхгүй бол сангийн жилийн алдагдал нэмэгдсээр байх бөгөөд улмаар түүний дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин өссөөр Тэтгэврийн даатгалын сан хямралд орж болзошгүй. 

Онолын хувьд, иргэдийн өндөр насны тэтгэврийн даатгал хэд хэдэн хэлбэрээр хэрэгждэг. Тухайлбал, тэтгэврийн орлого бий болгох талаас мөн тэтгэвэр тогтоолт, зарцуулалтын талаас нь авч үзэж болно. Тэтгэврийн орлого бий болгох талаас нь авч үзвэл хуваарилалтын, бүрэн хуримтлалын, хагас хуримтлалын хэлбэрээр хэрэгжинэ. Тиймээс тэтгэврийн тогтолцооны хэлбэрүүдийг нарийвчлан судалж, дэвшилттэй шинэ арга, механизмыг хэрэгжүүлэхдээ санхүүгийн нарийвчилсан тооцооллыг хийж, болзошгүй эрсдлийг тооцох, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. 

-Тэтгэврийн тогтолцооны олон арга хэрэгсэл байдаг юм байна. Гэвч манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо өөрөө дэлхийн чиг хандлагад нийцэж байгаа юу?

-Дэлхийн улс орнуудын чиг хандлагад нийцүүлэхийн тулд олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь хөдөлмөрлөсөн жил болон шимтгэл төлсөн хугацааг харгалзан хувиарлалтын зарчмаар тэтгэвэр тооцож олгох ганцхан төрөлтэй. Өөрөөр хэлбэл, нэг шимтгэл төлөгчид ногдох тэтгэвэр авагчдын тоо харьцангуй олон, тэтгэврийн хэмжээ туйлын бага, олон зуун иргэд шимтгэл төлөхгүй байгаагаас даатгалын гадна үлдэж, ирээдүйн амьдралын баталгаа нь алдагдахад хүрэх зэрэг бэрхшээлүүдтэй тулгарч байна. Тэр хэрээр нийгэмд бухимдал үүсгэж байгааг үгүйсгэхгүй.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд цаг үеэ олсон, олон улсын сайн туршлага, судалгаа шинжилгээнд суурилсан төрийн оновчтой бодлогыг зайлшгүй бий болгох, хууль эрх зүйн орчинд зоримог шинэчлэлийн асуудлыг тусгаж хэрэгжүүлэх нийгмийн захиалга бий болоод байна. Өөрөө хэлбэл нийгмйин даатгалын салбарт зайлшгүй шинэчлэл хийх ёстой.

-Нэг хэсэг судлаачид тэтгэврийн тогтолцооны талаар их ярьлаа тэр дундаа Төрийн тэтгэврийн систем, Хувийн тэтгэврийн системийн талаар мэргэжлийн хүний хувьд ямар ялгаа байгаа талаар тодруулбал?

-Төрийн тэтгэврийн систем нь агуулгын хувьд гурван төрөлд хуваагддаг.

Үндэсний суурь тэтгэврийн даатгал: Энэ бол бүх иргэдийг хамарсан буюу төрийн албан хаагчид болон хуулийн этгээдийн эрх бүхий аж ахуйн нэгж, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын болон шашны бүх байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай нэгж төслүүдэд ажиллагчдыг хамардаг. 

Ажиллагчдын тэтгэврийн даатгал: Энэ нь ажил хөдөлмөр эрхлэгчид залуу насныхаа эрч хүч, авьяас чадвар, оюун ухаанаа төр, засаг, компани, байгууллагын үйл ажиллагаанд зориулсныхаа төлөө өндөр насалж, хөдөлмөрийн чадвар багассан үедээ орлогын эрсдэлд өртөхөөс хамгаалахын тулд ажил олгогчтой хамтарч тусгай сан байгуулан тэтгэврийн хэлбэрээр орлогоо нэмэгдүүлэх боломж олгоход энэ даатгалын зорилго чиглэгдэнэ. Энэ нь орчин үеийн тэтгэврийн даатгалын шинэ төрөл юм.

Цэргийн албан хаагчдын тэтгэврийн даатгал: Энэ нь Батлан хамгаалах, Дотоодын цэрэг, Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг хамрах ба тусгай сангуудаар дамжуулж тэтгэвэр, тэтгэмж олгох төрийн тэтгэврийн системийн нэг хэсэг байна. Даатгалын шимтгэлийн хэмжээ, тэтгэвэр, тэтгэмжийн нэр, төрөл, тооцох аргачлал зэрэг нь ажиллагчдын тэтгэврийн даатгалтай үндсэндээ адилхан зарчимтай байна.

Үндэсний суурь тэтгэврийн даатгал, Ажиллагчдын тэтгэврийн даатгал, албан хаагчид, Цэргийн албан хаагчдын тэтгэврийн даатгалын систем нь төрийн тэтгэврийн системийг бүрдүүлэх ёстой юм. Мөнтүүнчлэн хувийн тэтгэврийн системийг нэвтрүүлж, хэрэгжүүлэх нь олон тулгуурт тогтолцоонд чухал шаардлагатай.

-Хувийн тэтгэврийн системийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Хувийн тэтгэврийн системийн талаар сүүлийн жилүүдэд маш их яригдсан. Одоогоор манайд хэрэгжиж нэвтрээгүй ч иргэдийн хамгийн их сонирхдог хэлбэр. 

Хувийн тэтгэврийн системийн гол шинж бол удирдлага, бүтэц, санхүүжилт, ашиг тодорхойлох, ажлын хөлс, төлбөрийг тогтоох зэрэгт эрх чөлөөтэй байдаг. Гэхдээ эдийн засаг, нийгэм, эрх зүйн орон зайд төрийн зохих хэмжээний оролцоо байх шаардлагатай юм. Хувийн тэтгэврийн систем компанийн захирал нэг талын санаачилгаар эсвэл ажиллагчдын санаачилгаар хамтын гэрээний үндсэн дээр үүсэж бий болно. 

Компанийн түвшин дэх хамтын гэрээнд ажилчдын хандив, суурь цалингийн хэмжээ, үүрэг хариуцлагын тэгш байдал, тэтгэврийн сангийн удирдлагад ажилчдын оролцуулах асуудлууд тусгагдана. Хувийн даатгалыг бий болгоход Үйлдвэрчний эвлэлүүд ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд тэд хамтын гэрээ бүхий газруудад үүрэг өндөртэй. Хувийн тэтгэврийн систем нь төрийн тэтгэврийн хангамжаас хөдөлмөрчдийн нийгмийн сонирхлыг илүү хамгаалж, өндөр настнуудын орлогыг нэмэгдүүлэхэд зохих үүрэг гүйцэтгэдэг боловч ахмад насны хүмүүст урт хугацааны нийгмийн хамгааллын баталгаа бүрэн өгөх чадвар сул, нийгэмд тогтворгүй байдлын эх үүсвэрийг үүсгэх сөрөг талтай байж болох юм.

-Тэтгэврийн даатгалын бие даасан байдлын талаар та юу хэлэх вэ?

-Нийгмийн даатгалын тухайн хуулийг хэрэглэх журмын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын хуулиуд хүчин төгөлдөр болохоос өмнө төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага болон түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцохоор заасан байдаг.

Түүнчлэн энд нэгдлийн гишүүд, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг нэгэн адил хамруулахаар заасан. Тэгэхдээ нийгмийн даатгалын хуулиуд хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн. Тухайлбал:

1995 оны 1-р сарын 1-нээс өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэрт зарцуулагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн тухай хуулиар тогтоож Нийгмийн даатгалын санд шилжүүлэхээр хуулинд заасан байдаг.

Хуулийн дээрх заалтуудыг бүрэн хэрэгжүүлж ирсэн бол Тэтгэврийн даатгалын санд тодорхой хэмжээний хуримтлал үүссэн байх боломжтой байв.
Гэвч улс орны санхүүгийн байдал, хөрөнгийн хомсдол зэрэг олон шалтгаанаар хуулийн дээрх заалтуудын дагуу олгох хөрөнгийг жил бүр дутуу олгож шимтгэлийн хөрөнгөнөөс дутагдсан зөрүүг нь “төсвийн татаас” хэлбэрээр олгож ирснээр энэ сангийн бие даасан байдал хангагдаагүй. Цаашлаад шимтгэлийн орлогыг давуулан биелүүлэх, сангийн хэмжээг нэмэгдүүлэх, үлдэгдлийг банканд хадгалуулснаар эх үүсвэр бий болгох зэрэг асуудлыг хязгаарласан сөрөг үр дагаврыг бий болгосон гэж үзэж байна. 

Иймд ойрын хугацаанд Тэтгэврийн даатгалын сангийн бие даасан байдлыг хангах, цаашид эрсдлийн сан бий болгох шаардлагатай байгаа нь зайлшгүй чухал ажил. 

-Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлтэй холбоотой асуудлыг дүгнэж хэлбэл юу гэж хэлэх вэ?

-Тэтгэвэр тогтоох насыг нэмэгдүүлснээр Тэтгэврийн даатгалын сангийн ирээдүйн алдагдлыг бүрэн бууруулж чадахгүй, зөвхөн богино хугацаанд багасгах бөгөөд нэрийн дансны тогтолцоонд хамрагдсан даатгуулагчид тэтгэвэр авч эхлэх үед тэтгэврийн нас нь сангийн алдагдлын хэмжээнд нөлөөлөхгүй юм. 

Цаашид нэрийн дансны тогтолцоонд шилжих шилжилтийг гүнзгийрүүлэх, 1960 оноос хойш төрсөн иргэдийг нэрийн дансны тогтолцоонд бүрэн хамруулах, нийт даатгуулагчдын тэтгэврийн насыг өөрчлөх, тэтгэврийн доод хэмжээ тогтоодог зарчмыг шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох аргачлалыг өөрчлөх асуудлыг судалж шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг өнөөгийн хууль, эрх зүйн баримтуудыг үндэслэн тодорхойлж байна. Түүнчлэн нэрийн дансны тогтолцоо амжилттай хэрэгжих гол нөхцөл бол уг тогтолцооны санхүүгийн оновчтой удирдлага, бүтэц зохион байгуулалт, мэдээллийн сүлжээний дэвшингүй хөгжил, шимтгэл хуримтлуулах хүчтэй хөшүүрэгтэй байх явдал гэж үзэж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.