Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр Австрали улсын хувьд цар тахал эхэлсэн цагаас хойш хамгийн их хохиролтой өдөр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд Австралийн Викториа мужид 15 хүн коронавирусийн халдвараар нас барсныг өнөөдөр албаныхан мэдээлсэн байна. Тэдний дотор 30 гаруй насны эрэгтэй байжээ.

Ингэснээр Мягмар гараг нь энэ оны нэгдүгээр сарын 25-нд Австралид анхны халдварын тохиолдол бүртгэгдсэн цагаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан өдөр болсон байна.

Викториа мужийн төв, Австралийн хоёр дахь том хот Мельбурнд Ухань маягийн хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байгаа ч шинэ халдварын тохиолдлууд өдөр бүр олноор нэмэгдсээр байна.

Тухайлбал сүүлийн 24 цагийн дотор тус хотод 725 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар Австрали улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 19,000 давж, 247 хүн нас бараад байна.

Сарын өмнөөс тус улсад тахлын хоёр дахь давалгаа эхэлсэн юм. Хоёр дахь давалгааны гол төв болсон Викториа мужийг Австралийн бусад хэсгээс тусгаарлаж, орох гарах хөдөлгөөнийг нь зогсоогоод байна.

Бусад мужууд нь Викториагаас нэвтэрч болзошгүй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүрнээ авч хэрэгжүүлж байгаа юм.

Тухайлбал Викториа мужтай залгаа хилээ хаасан Күинслэнд муж нийслэл Канберра болон Нью Соут Уэльс мужаас ирэх хүмүүсийг Бямба гарагаас эхлэн газар нутагтаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Тус мужийн захирагч Аннастасиа Палашчук “Викториа мужид байдал сайжрахгүй байгааг бид харж байна. Нью Соут Уэльсийн байдал муудахыг хүлээж суух шаардлага алга. Тиймээс бид урьтаж арга хэмжээ авах хэрэгтэй боллоо” гэж шийдвэрээ тайлбарласан юм.

Австралийн хөрш Шинэ Зеланд улсын эрүүл мэндийн сайд тус улс коронавирусийн тахлын хоёр дахь давалгаанд бэлдэх ёстойг анхааруулжээ.

“Халдвар дахин тархах нь гарцаагүй. Тахал дахин дэгдэх үү биш, хэзээ дэгдэх вэ гэдэг нь чухал болоод байна” гэж эрүүл мэндийн сайд Эшли Блүүмфилд өнөөдөр өглөө Radio New Zealand радио станцад ярьсан байна.

Тус улс нь цар тахлын эхний давалгааг амжилттай давсан гэж үнэлэгдэж байгаа. Одоогоор гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг тусгаарлан эмчлэх арга хэмжээг авч байна. Өнөөдрийн байдлаар 22 идэвхтэй тохиолдлыг тусгаарлан эмчилж байгаа юм.

Хамгийн сүүлд 95 хоногийн өмнө дотоодод дамжсан халдварын тохиолдол Шинэ Зеландад бүртгэгдэж байжээ.

Гэсэн хэдий ч хөрш Австралиас тахлын хоёр дахь давалгаа орж ирэх аюул заналхийлсээр байна.

 

Эх сурвалж: AFP