Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор усанд осолдож, амиа алдах тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, өчигдөр Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Буянт голын усанд гурван настай хүүхэд осолдсон харамсалтай хэрэг гарчээ.
Ослын тухай дуудлагын дагуу наймдугаар сарын 4-ний өдрийн 16:43 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид осол болсон газраас таван километрийн зайд усны мандал дээр хөвж байсан гурван настай Е-ийн цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.
Мөн тухайн өдөр 18:50 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний доор 38 настай иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Туул голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унасан байна.
Тус дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулсаар байгаа аж.
Наймдугаар сарын 3-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хар-Усны дохио гэдэг газар малчин А, туслах малчин 26 настай Б-гийн хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Пробокс” загварын суудлын автомашинтай Хурхын голд шаварт суугаад гарч чадахгүй унтжээ.
Ингээд наймдугаар сарын 4-ний өдөр 04:00 цагийн орчимд машинд Б байхгүй байсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, Хурхын голоос иргэн Б-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.