Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Бейрут хотод болсон дэлбэрэлтийг “халдлага байж болзошгүй” гэж Дональд Трамп мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Ливаны нийслэл Бейрут хотод томоохон дэлбэрэлт болж, хамгийн багадаа 73 хүний амь үрэгдээд байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа үүнийг ямар нэг халдлага байж болзошгүй гэж мэдэгджээ.

Харин Ливаны эрх баригчид дэлбэрэлтийн шалтгааныг тогтоогоогүй байгаа ч боомтын агуулахад хадгалагдаж байсан тэсрэмтгий бодисоос үүдэлтэй байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна.

Ливанчууд өөрсдөө ч халдлага гэж сэжиглээгүй байхад яагаад ингэж дүгнэснийг нь Трампаас асуухад тэр “Зарим том генералуудтайгаа энэ талаар ярилцахад тэд надад ингэж хэлсэн. Энэ бол ямар нэг осол эндэгдэл биш гэж тэд үзэж байна. Ямар нэг бөмбөг, пуужингийн халдлага байх магадлалтай” гэж хариулжээ.

Трамп энэ үеэр хохирсон хүмүүст эмгэнэл илэрхийлээд АНУ нь Ливан улсад тусламж үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдсэн юм. Дараа нь сэтгүүлчид Пентагоны хэвлэлийн төлөөлөгчөөс Трампын хэлсэн зүйлийг тодруулахад “Бид энэ талаар юу ч хэлэх боломжгүй байна. Та бүхэн Цагаан ордноос тодруулна уу” гэж хариулсан байна.

Бейрутад болсон дэлбэрэлтийн улмаас тэнгэрт асар том мөөгөн хэлбэртэй үүл бий болж, эрэг хавийн байшин барилгууд нурж сүйдсэн юм. Нас барсан хүмүүсийн тоо эцэслэн гараагүй байгаагаас гадна 3,000 орчим хүн шархдаж эмнэлэгт эмчлүүлж байна.

Орон нутгийн хэвлэлүүд боомтын агуулахад хадгалагдаж байсан азотын нитрат дэлбэрсэн байж болзошгүйг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press