Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Covid-19 өвчнийг эсрэг биетээр эмчлэх сүүлчийн шатны туршилтыг АНУ-д эхлүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Covid-19 өвчнийг эмчлэх зорилгоор бүтээж буй эмний хүн дээр хийх сүүлчийн шатны туршилтыг эхлүүлснээ АНУ-ын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Энэ эм нь LY-CoV555 нэртэй эсрэг биетийн бэлдмэл юм байна. Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний цусанд ийм эсрэг биетүүд үүсдэг. АНУ-ын Lilly Research Laboratories, Abcellera компаниуд зохиомол эсрэг биетийг бөөнөөр үйлдвэрлэх аргыг боловсруулжээ.

Өнөөдөр эхэлж байгаа гуравдугаар шатны туршилтад эхний ээлжинд 300 орчим сайн дурынхан дэлхийн өнцөг булан бүрээс оролцох юм. Тэд бүгд Covid-19-өөр хөнгөн болон дунд хэлбэрээр өвчилсөн хүмүүс ажээ.

Хэрвээ үр дүнтэй нь харагдвал дараа нь илүү хүнд хэлбэрээр өвчилсөн 1,000 хүртэл тооны хүн дээр туршилтыг үргэлжлүүлэх гэнэ.

Туршилтын гол зорилго нь өвчтөн эмнэлгээс гарсныхаа дараа 14 хоногийн дотор бүрэн сайжирч чадах эсэхийг шалгах юм байна.

Эсрэг биет нь халдварын эсрэг тэмцэгч уураг юм. Хүний дархлааны системээс ялгардаг эсрэг биетүүд нь гадны вируст наалдаж, цааш халдварлахаас сэргийлдэг байна.

Вакцин нь вирусийн эсрэг биетүүдийг хэрхэн бий болгох аргыг хүний дархлааны системд “заах” үүрэгтэй. Харин вакцинаас гадна эмчлэх нэг арга нь эдгэрсэн өвчтөний биенээс авсан бэлэн эсрэг биетийг бусад өвчтөнд тарих юм.

Гэхдээ энэ аргаар олон хүнийг эмчлэх боломжгүй тул эсрэг биетийг зохиомлоор бий болгох аргыг хэрэглэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP