Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Онгоцонд төрсөн ихэр охид гэрийн тусгаарлалтынхаа хугацаанд ХӨСҮТ-д байна"

А.Намуун, iKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл хийлээ.

Манай улс нэгдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 16,288 иргэнийг тусгаарлан ажиглажээ. Өнөөдрийн байдлаар 2,677 иргэн тусгаарлах байруудад байрлаж байна.

"Гэрийн тусгаарлалтад нийслэлд 1,465, орон нутагт 502 иргэн байна"

Я.Буянжаргал “Өнгөрсөн долоо хоногт таван удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 1,221 иргэнийг тусгаарласан. Үүнээс Цэргийн төв эмнэлэгт 43 иргэн, ХӨСҮТ-д 12 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа бол үлдсэн нь тусгаарлах байруудад байрлаж байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлалтад,

  • Тав хүртэлх насны 190 хүүхэд,
  • Жирэмсэн эмэгтэй 62,
  • Хорт хавдартай 6,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 7,
  • Чихрийн шижин болон бусад архаг хууч өвчтэй хүн 537 байна.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд 1,465 хүн байгаа бол орон нутагт 502 иргэн байна" гэв.

"Манай улс 37,732 удаагийн PCR шинжилгээ хийсэн"

Үргэлжлүүлэн "Бид өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 37,732 удаагийн PCR шинжилгээ хийжээ.

Одоогоор Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан Тохиолдлын удирдлагын баг өмнөх үйл ажиллагаандаа анализ хийж цаашдын төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна. Энэ сард нийт 14 удаагийн нислэгээр 3,359 иргэн ирнэ гэсэн урьдчилсан мэдээлэл бий.

Түүнээс гадна тархвар судлалын 30 дахь долоо хоногт томуугийн өвчлөл амбулаторийн нийт үзлэгийн 2.1 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 0.3 хувиар бага үзүүлэлт хэдий ч манай иргэд улирлын томуугаас сэргийлэх арга хэмжээнд онцгой анхаарах хэрэгтэй.

"Онгоцонд төрсөн ихэр хүүхдүүд гэрийн тусгаарлалтынхаа хугацаанд ХӨСҮТ-д байна"

Мөн гэрийн тусгаарлалтаас нэг иргэн ХӨСҮТ-д очиж амаржсан. Төрөлтийг ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч болон ХӨСҮТ-ийн эмч нар удирдсан. Хүүхдийн биеийн байдал сайн байгаа.

Урьд шөнө тусгаарлах байрнаас нэг жирэмсэн эмэгтэй дотор эвгүйрхэж, толгой өвдөж байна гэсэн зовууртайгаар ХӨСҮТрүү шилжсэн.

Харин онгоцонд төрсөн хоёр ихэр хүүхдийн хувьд биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ хүүхдүүдийн биеийн жин бага учраас гэрийн тусгаарлалтынхаа хугацаанд ХӨСҮТ-д байна" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1200736926960967

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.