Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эхийн сүү нь хүүхдийн дархлааг дэмжиж, олон халдварт өвчнөөс сэргийлдэг

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хорвоод дуугаа хадаан мэндэлсэн бяцхан үрээ энгэртээ тэвэрч, ангир уургаа амлуулах нь эх хүн бүрийн хамгийн нандин үе.

Яг энэ мөчөөс эхлэн зургаан сарын турш хүүхдийг хөхөөр дагнан хооллох нь эх, хүүхдийн эрүүл мэндэд онцгой сайнаар нөлөөлдөг.

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоон хоног” болгон зарлаж, хүүхдийг хөхөөр хооллох нь ямар үр дүнтэй талаар мэргэжлийн болон олон улсын байгууллагууд мэдээлэл түгээдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Эрүүл эх дэлхийн төлөө Эхийн сүүгээр хооллолтыг дэмжье” хэмээх уриа дэвшүүлэн эдгээр өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эхийн сүүгээр дагнан хооллох нь яагаад чухал вэ?

Биологийн шинжлэх ухааны доктор Аланна Коллены бичсэн “10% Human” хэмээх номд эхийн сүү ба хүүхдийн сүүн тэжээлийн ялгааг шинжлэх ухаанчаар тайлбарлажээ. 

Эхийн хөхний сүүнд 130 төрлийн нүүрс ус агуулагдсан байх бол үнээний сүүнд дөнгөж 10 хүрэхгүй төрлийнх байдаг аж.

Нярай хүүхдийн гэдсэнд байх сүүн хүчлийн бактериуд нь эхийн сүүнд агуулагдах олон төрлийн нүүрс усаар хооллон богино гинжит тосны хүчлийг ялгаруулснаар бүдүүн гэдэсний эсүүдийг тэжээж, дархлааны системийг сайжруулдаг.

Ингэснээр 0-5 настай хүүхдийн эндэгдлийн гол шалтгааны дээгүүрт ордог хатгалгаа тусах эрсдлийг 23 хувиар, хатгалгаагаар эндэх эрсдлийг 15.1 хувиар бууруулдаг. Эхийн сүүний бас нэг чухал ач холбогдол нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмждэг бөгөөд IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг.

 

Хүүхдийг хөхөөр хооллох нь хүүхдээс гадна эхэд эергээр нөлөөлөх бөгөөд төрсний дараа сав хурдан агших, чихрийн шижин, өндгөвчний хорт хавдраар өвдөх эрсдлийг багасгадаг гэдгийг эмч, мэргэжилтнүүд тогтоожээ.

Сонирхуулахад, БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт COVID-19-ийн халдвараар өвчилсөн нярайг гурван долоо хоногийн турш зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллосоор эдгээсэн нь эхийн хөхний сүү ямар “ид шидтэй”-г илтгэх мэт.

Харин хүүхдийн сүүн тэжээлийг үнээ болон ямааны сүү, шар буурцагны сүү зэргээр хийдэг тул хүүхэд дархлааны эс болон амьд бактериудыг авч чаддаггүй.

Өөрөөр хэлбэл, эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг дэмжихийн зэрэгцээ олон төрлийн өвчин тусах эрсдлээс хамгаалдаг бол сүүн тэжээл нь зөвхөн өлсгөхгүй байх гарц болж байна.

Энд тодотгоход, амаржсан эхийн биеийн байдлаас шалтгаалан хөхөнд сүү орохгүй байх тохиолдол бий. Энэ үед эргэн тойрны хүмүүс нь эхийг сайтар амрааж, шим тэжээлтэй хоол бэлтгэн өгч байх хэрэгтэй. 

Амаржаад удаагүй эхчүүдийн ихэнхэнд хүүхдээ цатгаж чадаж байна уу гэх асуудал гарах бөгөөд сэтгэл санаа хямрах нэг шалтгаан болдог. Хангалттай сүү орохгүй байхад эх хангалттай их шаналж байдаг учраас эргэн тойрны хүмүүс нь үгийн үзүүрээр хатгалгүй, халамжаар тэтгээрэй.

2018 оны байдлаар нялхсын 50 хувь нь хөхөөр хооллож байв

Монгол ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохыг эрхэмлэдэг ч сүүлийн жилүүдэд  хүүхдээ зургаан сар хүртэл нь хөхөөр дагнан хооллох нь буурсаар.

2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь зургаан сарын турш хөхөөр дагнан хооллож байсан бол 2018 онд энэ тоо 50 хувь болж буурчээ.

 

Эхийн биеийн байдлаас гадна нөлөөлөх өөр зүйлс нь санхүүгийн боломж хомс байгаагаас төрөөд хурдан хугацаанд ажилдаа орох шаардлага гардаг, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, мэдээлэл дутмаг хүрч байгаагийн дээр суралцах хугацаандаа хүүхэдтэй болсон оюутан бүсгүйчүүд хичээлээс хоцрохгүйн тулд хүүхдээ хөхнөөс нь эрт гаргах, угжих явдал их байдаг.

Мөн эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний сурталчилгаа их болсон нь хөхөөр дагнан хооллолтыг бууруулж буй шалтгааны нэг гэж судлаачид үзжээ.

Хэдийгээр зургаа хүртэлх сартай хүүхдийг зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллохыг зөвлөдөг ч 2017 оны судалгаагаар Монголын зах зээлд дутуу нярайн, харшлын эсрэг, лактоз агуулаагүй гэх зэргээр сурталчилсан 21 төрлийн сүүн тэжээл худалдаалагдаж байв. Түүнчлэн сурталчилгаанууд нь төрөх эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байршсан тохиолдол судалгааны явцад хэд хэд гарсан бөгөөд амаржсан эхийн гар утсанд хүүхдийн сүүн тэжээл авахыг санал болгосон зурвас ч ирсэн аж.

Энэ мэт шалтгаанууд хүүхдийг хөхөөр дагнан хооллоход сөргөөр нөлөөлжээ.

Хүүхдийг хөхөөр хооллохгүй байснаар амьсгалын замын халдвараар өвчлөх эрсдэл 257 хувиар, бөөлжиж, суулгаж өвчлөх эрсдэл 157 хувиар, нярайн гэнэтийн үхлийн хам шинж/SIDS/ болох эрсдэл 56 хувиар ихэсгэдэг аж. Үүний зэрэгцээ сүүн тэжээлээр хооллосны уршигт харшил, багтраа таргалалт, хавдар тусах гэх мэт эрсдэл ч өсөж байна. 

Ийнхүү эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болон малын сүү нь эхийн сүүг хэзээ ч орлохгүй нь харагдаж байна.

Эхийн сүү нь эх, хүүхэд хоёрт эрүүл мэндийн олон талын ашиг тустайн зэрэгцээ байгаль орчинд ч ээлтэй төгс хоол юм. Хүүхдийн сүүн тэжээлийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтад зарцуулагдах асар их түүхий эд, эрчим хүч зэргээс гадна сав, баглаа, угж зэрэг нь хог хаягдал болж байгаль орчныг бохирдуулдаг. Хүүхдийг угжих бүрд ус, тог зарцуулдаг.

Төрсний дараа хүүхдээ харах цалинтай чөлөөг зургаан сар ба түүнээс дээш болгоё

Төрөхөөс өмнө хоёр сар, төрсний дараах хоёр сарын хугацаанд ээжүүд цалинтай чөлөө авдаг. Үүнээс цааш сар бүр 50,000 төгрөгөөр “цалинжина”.

Санхүүгийн хувьд асуудал гарч байгаа учраас ээжүүд хүүхдээ хөхнөөс эрт гаргаж, ажилдаа ордог. Иймд эх амаржсаны дараах цалинтай чөлөөг зургаа ба түүнээс дээш сар байлгахыг иргэний нийгмийн байгууллагууд хууль тогтоогчдод уриалсаар байна.

Судалгаагаар жирэмсний ба хүүхэд асрах амралт, ажлын байрны дэмжлэг зэрэг арга хэмжээ нь хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг түвшинг 30 хүртэл хувиар нэмэгдүүлдэг нь ажиглагджээ.