Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгч амны хаалтыг бензинээр ариутгах зөвлөгөөг ард түмэндээ дахин өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте амны хаалтаа бензинээр угааж ариутгахыг ард иргэдэдээ зөвлөж байсан юм.

Тэрбээр ариутгалын бодис олж авах боломжгүй хүмүүс амны хаалтаа бензинээр угаах боломжтойг олон нийтийн арга хэмжээний үеэр хэлж байжээ. “Ариутгалын бодис авах боломжгүй нь шатахуун түгээх станц руу очиж, бензин, эсвэл дизель түлшээр угаах хэрэгтэй” гэж Дутерте хэлсэн юм.

Энэ мэдэгдлийн дараа Филиппиний ерөнхийлөгчийн хэвлэлийн алба залруулга гаргаж, түүнийг хошигнож байсан гэж тайлбарлажээ.

“Дөрвөн жил ерөнхийлөгчөөр ажилласных нь дараа түүний занг мэдэхгүй хүмүүс байдагт бид итгэхгүй байна. Энэ бол хошигнол байсан. Бензинээр угаах шаардлагагүй” гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга Харри Рок ярьсан байна.

Гэтэл Дутерте өчигдөр буюу Баасан гарагт дахин энэ зөвлөгөөгөө өгчээ. “Би тоглоогүй байна. Та бүхэн миний зөвлөгөөг дагаад үзэх хэрэгтэй. Шүүмжлэгчид Дутертег галзуурсан гэж ярьж байна. Хэрвээ би галзуу бол миний оронд өөр хүн ерөнхийлөгч болох ёстой байсан” гэж тэр ярьсан байна.

100 сая орчим хүн амтай Филиппин улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 90,000 шахуу тохиолдол бүртгэгдэж, 2,000 орчим хүн нас бараад байгаа.

Родриго Дутерте өчигдөр тус улсын нийслэл Манилад тогтоосон хорио цээрийн дэглэмийг наймдугаар сарын дунд хүртэл сунгасан юм.

Тэр бас коронавирусийн эсрэг вакцин гармагц хамгийн түрүүнд Филиппиний ядуусыг үнэгүй хамруулахаа өчигдөр амлажээ.

 

Эх сурвалж: BBC