Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт компани TikTok компанийн АНУ дахь салбарыг худалдаж авахаар ярилцаж байгааг мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хятадын сошиал платформ болох TikTok-ыг Бээжингийн эрх баригчдад хэрэглэгчийнхээ мэдээллийг дамжуулдаг гэсэн хардлага АНУ-ын засаг захиргаанд ид яригдаж байна.

Тиймээс уг палтформыг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс АНУ-д хориглож болзошгүй болоод байгаа. TikTok-ийн АНУ дахь салбарыг хэд хэдэн компани худалдаж авахаар сонирхож байгаа тухай мэдээлэл таржээ.

Тэдгээрийн дотор технологийн томоохон компани Майкрософтын нэр өчигдрөөс яригдаж эхэлсэн байна.

TikTok сүлжээг АНУ-д сар бүр 26.5 сая хүн идэвхтэй хэрэглэдэг гэсэн тоо бий. Дэлхийн бусад улс орнуудын зах зээлд ч хэрэглэгчийн тоо нь эрчимтэй нэмэгдэж байгаа. 

Сүүлийн үеийн мэдээллээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус компанийг нэг бол Америкийн компанид бизнесээ зар, эсвэл хориглоно гэсэн нөхцөл тулгасан гэнэ.

Баасан гарагт Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа “Бид TikTok-ийг анхааралтай судалж байна. Үйл ажиллагааг нь хориглож ч болзошгүй байгаа. Цаашид хэрхэх талаар хоёр хувилбар яригдаж байна” гэж ярьжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өмнө нь ярихдаа Хуавэй, ZTE компаниудын эсрэг авсантай ижил арга хэмжээг TikTok-ийн эсрэг авах талаар судалж байгааг мэдээлсэн юм.

Тэрбээр эдгээр компаниудыг “Хятадын тагнуулын Трояны морь” гэж нэрлэж байв.

Майкрософт нь АНУ-ын технологийн бусад томоохон компаниудтай харьцуулахад сошиал сүлжээний салбарт хоцорч байгаа. Тиймээс TikTok-ийг худалдаж авбал өрсөлдөөнд давуу талтай болно гэж ажиглагчид үзэж байна.

Богино хэмжээний видео бичлэг хуваалцдаг TikTok платформыг $100 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй Хятадын ByteDance компани эзэмшдэг юм. Тус компани тагнуулын ажиллагаа явуулдаг гэх хардлагыг няцааж, АНУ дахь салбараа Америкийн нэр хүндтэй бизнесмэнээр удирдуулсан ч үр дүн муутай байна.

 

Эх сурвалж: Associated Press