Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үеэр Өмнөд Солонгосын иргэд их хэмжээний бэлэн мөнгөө ариутгалын явцад устгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд Өмнөд Солонгосын иргэд их хэмжээний бэлэн мөнгөө богино долгионы зуух, угаалгын машин зэрэгт хийж, сүйтгэсэн байна.

Тус улсын төв банкнаас өчигдөр гаргасан мэдэгдэлд энэ оны эхний зургаан сарын хугацаанд гэмтлийн улмаас солиулсан

мөнгөн дэвсгэртийн хэмжээ өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн тухай мэдээлжээ.

Иргэд мөнгөн дэвсгэртээр коронавирус дамжихаас болгоомжилж, хувийн ариутгах арга хэмжээ авсан нь ийм үр дүнд хүргэсэн байна.

Тухайлбал энэ оны нэгээс зургаадугаар сарын хугацаанд иргэд 1.32 тэрбум воны хэмжээтэй шатаасан дэвсгэртүүдийг солиулахаар төв банканд ханджээ.

Өнгөрсөн оны эхний хагаст энэ хэмжээ 480 сая вон байсан гэнэ. Энэ нь богино долгионы зууханд хийж, ариутгах үеэр шатсан дэвсгэртүүд юм.

Солонгосын төв банк өнгөрсөн хагас жилийн хугацаанд нийт 2.69 их наядын дүнтэй гэмтээсэн дэвсгэртүүд хүлээж авснаас 6.5 тэрбум вонтой тэнцэхийг нь сольж өгчээ.

Богино долгионы зуухнаас гадна угаалгын машинд ариутгах аргыг иргэд түлхүү хэрэглэсэн байна.

Жишээ нь төв банкны мэдэгдэлд Ум нэрээр дурдагдсан эмэгтэй 35.5 сая воны дүнтэй дэвсгэртүүдийг угаалгын машинд ариутгахдаа гэмтээжээ.

Тэрбээр ариутгасан нийт мөнгөнийхөө 35 хувийг буюу 22.9 сая воныг солиулж авсан байна. Энэ мөнгийг гэр бүлийнх нь хүний оршуулгын үеэр хүмүүс хандивлаж байжээ.

Ким нэрээр дурдагдсан өөр нэг иргэн 5.2 сая воны дүнтэй дэвсгэртүүдийг богино долгионы зууханд ариутгахдаа зарим хэсгийг нь шатааж хохирсон байна. Гэхдээ Кимийн сүйтгэсэн мөнгөний хэмжээ харьцангуй бага байсан тул ихэнх дэвсгэртээ төв банкаар солиулж чаджээ.

Өмнөд Солонгосын төв банк зах зээлээс орж ирсэн бэлэн мөнгөний дэвсгэртүүдийг хоёр долоо хоног тусгай орчинд хадгалж, ариутгасны дараа буцаан хэрэглээнд нэвтрүүлж байгаагаа өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэж байв. Зарим тохиолдолд ийм мөнгөн дэвсгэртүүдийг шууд шатаан устгаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters