Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Apple дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанийн титмийг Сауди Арамкогоос хэсэг хугацаанд булаалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын технологийн аварга компани Apple энэ оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулсан юм.

Сүүлийн гурван сарын хугацаанд тус компани хүлээлтээс давсан өндөр ашигтай ажилласан нь энэ үеэр тодорхой болсон байна.

Үүний үр дүнд Баасан гарагт Apple компанийн нэгж хувьцааны үнэ 7 орчим хувиар өсөж, $412 хүрснээр зах зээлийн үнэлгээ нь $1.762 их наяд болж нэмэгдсэн юм.

Ингэснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох Саудын Арабын төрийн өмчит газрын тосны компани Сауди Арамкогийн үнэлгээнээс ($1.759 их наяд) хэсэг хугацаанд илүү гарсан байна.

Өчигдрийн өсөлтийн дараах байдлаар Apple компанийн хувьцааны үнэ энэ оны эхнээс 39 хувиар өссөн юм.

Пүрэв гарагт тус компани илүү олон хөрөнгө оруулагчийг татахын тулд нэгж хувьцаагаа дөрөвт хувааж, олшруулах шийдвэрээ зарласан байна. Наймдугаар сарын 24-нд хэрэгжих хуваалтын үр дүнд $400-ын үнэтэй нэг ширхэг хувьцаа нь $100-ын үнэтэй дөрвөн ширхэг хувьцаа болох юм.

 

Эх сурвалж: Business Insider