Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд: Шинэ нам АН-ын шинэчлэлийн төлөө бүх алхмыг хийнэ

Б.Ану
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа АН-аас гарч Шинэ намыг байгуулалцаж тус намынхаа Төв зөвлөлийн дарга болсон Л.Болд Ерөнхийлөгчийн зөвлөх болох талаар мэдээлэл гараад байсан. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсоор мэдээлэл гараагүй байгаа ч Л.Болд энэ тухай болон Ардчилсан намын шинэчлэлийн талаар байр сууриа "Өдрийн сонин" -ы өнөөдрийн дугаарт илэрхийлжээ.

Л.Болд нь УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж өрсөлдсөн ч сонгогдож чадаагүй.  29-р тойргийн гурван мандатын төлөө 30 хүн нэр дэвшсэн бөгөөд Л.Болд авсан саналаараа наймдугаарт жагссан юм. Тэрбээр Ерөнхийлөгчид Аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудлаар зөвлөх юм байна. Л.Болд нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлагатай.

Тэрбээр "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа Ардчилсан Намын шинэчлэлийн төлөө Шинэ нам шаардлагатай бүх алхмыг хийх болно гэдгээ мэдэгдсэн байна. Тодруулбал, "Монголын ардчилсан бүх хүчин нэгдэж хуучны элдэв түүх, гомдол, тооцоогоо мартах хэрэгтэй. ...Шинэ нам ардчилсан хүчнийхээ бүрэн эрхт төлөөлөл болж эв нэгдэлд нэгээхэн байр суурь эзлэх нь зөв гэж бодож байгаа" гэжээ. 

Түүний ярианаас дүгнэвэл, Шинэ нам Ардчилсан намын шинэчлэлд идэвхийлэн оролцох юм байна. Энэ тохиролцоон дээр үндэслэж Ерөнхийлөгчийн зөвлөхөөр очсон байхыг ч үгүйсгэхгүй. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд 2021 онд Ардчилсан Намаас нэр дэвшихийн тулд тус намын шинэчлэлд ямар байр суурьтай оролцох нь улстөрийн хувьд сонирхолтой асуулт болоод байгааг хэлэх хэрэгтэй.