Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан Токио хотын баар, ресторанууд 22:00 цагаас хаадаг болно

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Япон улсын нийслэл Токио хотод нэг өдөрт илэрдэг коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо дээд хэмжээндээ хүрсэнтэй холбогдуулан зарим эрс хатуу арга хэмжээг авахаар болжээ.

Хотын захирагч Юрико Койке “Токиогийн өнөөдрийн нөхцөл байдал өмнөхөөсөө илүү ноцтой хэмжээнд хүрээд байна. Хотод хэд хэдэн халдварын голомт илэрсэн. Бидэнд зүгээр суух цаг зав байхгүй боллоо” гэж мэдэгдсэн байна.

Койке ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн наймдугаар сарыг дуустал согтууруулах ундаагаар үйлчилдэг бүх байгууллагуудын хаах цагийг 22:00 цаг болгох уриалга гаргаж байгаагаа танилцуулжээ.

Токио хотын бүх баар, ресторан, караоке клубүүд хотын захирагчийн уриалгыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх юм байна. Эрт хаагаагүй үйлчилгээний байгууллагуудад ямар нэг шийтгэл оноохгүй гэнэ.

Лхагва гарагт Токио хотод халдварын 367 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болжээ.

Долдугаар сарын 23-нд 366 тохиолдол илэрсэн нь өмнөх хамгийн дээд үзүүлэлт байсан юм.

Нийтдээ Токио хотод 12,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Япон улсын хэмжээнд халдварын 32,500 орчим тохиолдол бүртгэгдэж, 1,000 гаруй хүн нас барсан нь дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад гайгүй үзүүлэлтэд тооцогдож байгаа.

Гэхдээ тавдугаар сард хөл хорионы дэглэмээ сулруулснаас хойш вирусийн тархалт дахин эрчимжсэн нь эрх баригчдын санааг зовоож байна.

 

Эх сурвалж: AFP