Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп сонгуулийг хойшлуулах санал гаргаад хүчтэй эсэргүүцэлтэй тулгарав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн өглөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх намар болох ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах санааг твиттер хуудсандаа илэрхийлсэн байна.

Гэвч түүний санааг конгресс дахь Ардчилсан Намынхан төдийгүй Бүгд Найрамдахчууд тэр дор нь эсэргүүцжээ.

“Шуудангийн хайрцгаар санал авах аргыг хэрэглэвэл 2020 оны сонгууль нь түүхэнд хамгийн бохир, луйвартай сонгууль болно. АНУ-ын хувьд хамгийн ичгүүртэй явдал байх болно. Ард иргэдийг аюулгүй, найдвартай саналаа өгөх боломжтой болтол сонгуулийг хойшлуулбал ямар вэ???” гэж тэр бичсэн юм.

АНУ-ын зарим мужууд коронавирусийн цар тахлын улмаас сонгогчдын саналыг шуудангаар авах арга хэрэглэх гэж байгаа. Үүнийг Дональд Трамп хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

АНУ нь өөрийнхөө 200 гаруй жилийн түүхэнд ганц ч удаа сонгуулиа хойшлуулж байгаагүй. Иргэний дайны үед, Их Хямралын үед, дэлхийн хоёр дайны үеэр ч сонгууль саадгүй зохион байгуулагдаж байжээ.

Сонгуулийн хугацааг товлох эрх мэдэл зөвхөн Конгресст байдаг. Үндсэн хуулийн 20 дугаар нэмэлтэд сонгуулийн дараах нэгдүгээр сарын 20-ноор өмнөх ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарын бүрэн эрхийн хугацаа дуусахаар заасан байдаг юм.

Сенат дахь Бүгд Найрамдах намын бүлгийн тэргүүн Мич Макконел ”Холбооны сонгуулийг түүхэнд ганц ч удаа хойшлуулж байгаагүй. Бид ямар ч тохиолдолд сонгуулиа хийх ёстой” гэж мэдэгджээ.

Энэ оны арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуульд Дональд Трамптай өрсөлдөх Жо Байдены сонгуулийн штаб ерөнхийлөгчийг эдийн засгийн муу үзүүлэлтээс олон нийтийн анхаарлыг сарниулахын тулд ийм мэдэгдэл хийлээ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Өчигдөр өглөө АНУ-ын засгийн газар хоёрдугаар улирлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний хэмжээ жилийн өмнөх мөн үеэс огцом унасан түүхэн доод үзүүлэлтийг зарласан юм.

“Энэ бол Америк. Бид дарангуйлагч дэглэмгүй, ардчилсан улс. Үндсэн хууль сонгууль арваннэгдүгээр сард болохыг товлосон. Ерөнхийлөгч Трамп үүнийг яаж ч өөрчилж чадахгүй” гэж American Civil Liberties Union байгууллагын захирал Дэйл Хо мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters