Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эдийн засаг дэлхийн хоёрдугаар дайнаас хойшх хамгийн муу үр дүндээ хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын засгийн газар энэ оны хоёрдугаар улирлын ДНБ (Дотоодын Нийт Бүтээгдэхүүн)-ий өсөлтийг зарлалаа.

Энэ оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад ДНБ 32.9 хувиар буурсан нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хугацааны хамгийн муу үзүүлэлт болжээ.

Коронавирусийн цар тахал АНУ-ын эдийн засагт ямар хүчтэй нөлөө үзүүлснийг эндээс харж болохоор байна.

Хөл хорио тогтоож, эдийн засаг зогсонги байдалд орсны улмаас ажилгүйдлын түвшин 1930-аад оны Их Хямралын үеэс хойш хамгийн дээд хэмжээндээ хүрсэн юм. 

Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 1.43 сая Америк хүн ажилгүйдлын тэтгэмж авах хүсэлтээ засгийн газарт гаргасан байна.

Оны сүүлийн хагаст эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаа ч саяхан эхэлсэн коронавирусийн тахлын хоёр дахь давалгаа үүнийг эргэлзээтэй болгож байгаа юм.

Дэлхийн эдийн засгийн өмнөх хямралын үеэр буюу 2008 онд АНУ-ын улирлын ДНБ 8.4 хувиар буурч байжээ. Өмнөх хамгийн муу үзүүлэлт нь 1958 оны Эйзенхауэрын хямралын үед тохиож, 10 хувиар унаж байсан юм.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын 4.5 сая орчим батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 151,000 гаруй хүн нас бараад байна.

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын Холбооны Нөөцийн Банкнаас гаргасан мэдэгдэлд “Эдийн засгийн цаашдын дүр зураг вирусийн төлөв байдлаас ихээхэн хамаарахаар байна” гэжээ.

Тус банк эдийн засгийг сэргэх хүртэл шаардлагатай бүх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian