Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хурдан морины сэрвээний өндрийг автомат төхөөрөмжөөр хэмжин уралдуулж байхыг шаардлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн морины 60 орчим хувь нь хасагдаж, уяачдын хөдөлмөр үнэгүйдсэн тухай 400 гаруй гомдол Монголын Морин спорт, уяачдын холбоонд иржээ. 

Иймд уяачдын дуу хоолойг хүргэх, эрх ашгийг хамгаалахаар тус холбооноос өнөөдөр мэдээлэл хийв. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын Морин спорт, уяачдын холбооны дэд дарга Ө.Пүрэвбаатар “2019 оны нэгдүгээр сарын 24-нд холбооны VII их хурал болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний нэг нь хурдан морины уралдааны хэрхэн зохион байгуулах тухай юм. 700 гаруй уяач цуглан уг хурлаар 64.3 хувийн саналаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар тогтож, батлагдсан стандартыг баримтлан хурдан морины уралдааныг зохион байгуулахаар болсон. 

Энэ дүрмийн дагуу хоёр уралдаан зохион байгуулахад ямар нэг маргаан гараагүй. Тиймээс Үндэсний их баяр наадмаараа сэрвээний өндрөөр хэмжин уралдуулъя, хэмжих явцыг нийтэд нээлттэй харуулъя гэх саналыг зохион байгуулах комисст өгсөн ч хүлээж аваагүй. Ингэснээр бүртгүүлсэн морьдын 58.1 хувь нь хасагдсан тул уяачид мэргэжлийн холбоондоо ихээр хандаж, санал гомдлоо илэрхийлж байгаа. 

Ирэх онд Ардын хувьсгалын 100 жилийн ой болоход ямар морь уралдуулах нь тодорхойгүй байдал үүсээд байна” гэлээ. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тус холбооноос үндэсний үйлдвэрлэгчдийн дунд морины сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж бүтээх тендер зарлаж, шалгарсан бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлжээ.

Сэрвээний өндөр хэмжих төхөөрөмж нь бүрэн автомат, хүний ажиллагаа шаардахгүйгээр хэмжин нийтэд нээлттэйгээр дэлгэцэнд харуулдаг аж. Тухайн төхөөрөмжийг Стандартчилал, хэмжил зүйн газраас шалгаж, баталгаажуулсан байна. 

"Жирийн монгол адуу 40 орчим миль, шинэ монгол адуу 43-45 миль хурдалдаг"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ММСУХ-ны зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай “Одоо үед хурдан морины хүчийг сайжруулахаар шинэ монгол адууг гарган авч байна. Түүнийг эрлийз гэж нэрлээд байгаа нь буруу. Жирийн монгол адуу уралдааны явцад 40 орчим милль хурдалдаг. Харин шинэ монгол адуу нь цаг 43-45 милль хурдалж байгаа юм. 

Англи адуу нь 200 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн бий болсон. Монголчууд 100 гаруй жилийн өмнөөс жирийн монгол адууг хурдны чиглэлийн адуутай үржүүлж, гал шар адууг гаргасан. 70 орчим жил энэ угшлын адуу монголд хурдаараа ноёрхсон. Үүний дараагаар буюу 20 дугаар зууны дунд үеэс жаргалант адуу, 21 дүгээр зууны эхэнд шинэ монгол гэх хурдны адуу бий болж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх нь зөв. 

Мөн хурдан морь үйлдвэрлэл болсон. Жилийн туршид ажилладаг ажлын байрууд ч бий болсон. Одоогоор 10-20 мянган байнгын ажлын байр бий болсон” гэлээ.

Үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Монголын Морин спорт, уяачдын холбооноос холбогдох эрх бүхий байгууллагуудад

  • Хүнс, хөдөө аж ахуйн яамны зүгээс Хурдан морины салбар хорооны үүлдэр тогтоох комиссын дарга, гишүүдийн хариуцлагагүй, буруутай үйлдэлд хариуцлага тооцох, тэдний буруутай үйл ажиллагааны улмаас АХ-ын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд морьдоо уралдуулж чадаагүй уяачдын хохирлыг төлүүлэх,
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс Улсын баяр наадмын хурдан морины уралдааны зохион байгуулалтыг бусад үндэсний спортын холбоодын нэгэн адил мэргэжлийн спортын холбоо болох ММСУХ-нд хариуцуулах, мэргэжлийн спортын холбоо нь өөрсдийн дүрмийн хүрээнд зохион байгуулж, хариуцлагаа хүлээх боломжийг хууль, эрхзүйн хүрээнд олгох,
  • Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...дүрмийг тухайн үндэсний спортын холбооны саналыг харгалзан батлах;” гэснийг хэрэгжүүлж ММСУХолбооны VII их хурлаар баталсан “Хурдан морины уралдааны дүрэм”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлага хүргүүлжээ.
Уяачдад учирсан хохирлыг хэрхэн тогтоох талаар хуулийн фирмтэй хамтран ажиллаж байгаагаа тэд мөн мэдээлэв. 

Морьдыг монгол болон эрлийз гэж ангилахад дараах үзүүлэлтийг мөрдөх бөгөөд хэмжээсийг давсан тохиолдолд эрлийз гэж үзнэ. 

  • Азарга, соёолон: 140 см
  • Их нас:141 см
  • Хязаалан: 137 см
  • Шүдлэн: 132 см
  • Даага: 127 см

Хүснэгт, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн болон уралдсан, хасагдсан морины тоо, хувь

Д/д

Насны ангилал

Бүртгүүлсэн морьдын тоо 

Уралдсан морьдын тоо 

Хасагдсан морьдын тоо 

Хувь

1

Азарга

174

104

70

40.2%

2

Их нас

261

179

82

31.4%

3

Соёолон

184

78

106

57.6%

4

Хязаалан

286

114

172

60.1%

5

Шүдлэн

313

70

243

77.6%

6

Даага

220

40

180

81.8%

 

 

1806

585

853

58.1%