Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Давтан шинжилгээг халдвар судлаач буюу клиникийн мэргэжлийн эмч нар зөвлөлдсөний үндсэн дээр авдаг

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын төгсгөлд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Чех улсаас олон хоног явж ирчихээд хилээр нэвтэрч чадахгүй байгаа эмэгтэйд ЭМЯ-наас анхаарч, халдвар хамгааллын ямар нэг зөвлөгөө өгч байгаа юу?

Д.Нарангэрэл: Хил дээр үүссэн тухайн асуудлыг УОК-ийн Шуурхай штабаас шийдвэрлэнэ.

Тэнд  эрүүл мэндийн байгууллагын баг бүрэлдэхүүн ажиллаж буй. Мөн бид иргэддээ өдөр бүр гараа тогтмол угаах, амны хаалт зүүх зэрэг эрүүл мэндийн зөвлөгөөг өгч байгаа.

-Гадаадаас ирэх иргэдэд тусгаарлах байр хэр хүрэлцээтэй байгаа вэ?

Д.Нарангэрэл: Бид тусгаарлах байрны хүрэлцээ болон бүх хангамжийг бодож тооцоолсон.

-Тусгаарлах байранд байгаа хүмүүст хэд хоногийн зайтай шинжилгээ хийж байгаа вэ. Тухайлбал, Баянхангай амралтад тусгаарлагдсан иргэдийн дараагийн шинжилгээг хэд хоногийн зайтай хийх вэ?

Д.Нямхүү: Гадаадаас ирж байгаа иргэдийн сорьцыг тэр даруйд нь буюу ирсэн өдөрт нь цуглуулж шинжилгээ хийж байгаа. Харин хоёр дахь шинжилгээг долоо хоногийн дараа авдаг.

Зарим тохиолдолд халдвар судлалын заалтаараа мэргэжлийн хүмүүс зөвлөлдөөд долоо хоног болгохгүй, ойр, ойрхон ч шинжилгээ авч болно. Ямартай ч бид тусгаарлалтын 21 хоногийн туршид долоо, долоо хоногийн зайтайгаар тогтмол шинжилгээ хийж байна.

Зарим онгоцыг бид бүхэлдээ аюул, эрсдэл багатай гэж үздэг. Тухайлбал, БНСУ-аас ирж буй хүмүүс тэндээ шинжилгээгээ хийлгэчихээд, нотлох бичигтэйгээ хүлээж байгаа.

Манай улс наймдугаар сард маш олон чартер нислэгээр иргэдээ татах хуваарийг гаргасан бөгөөд ирэх сарын сүүлээр 3-4 тусгай үүргийн онгоцыг нэмэлтээр явуулж иргэдээ авчрах төлөвлөгөөтэй байна.

-Баянхангай амралтад руу нэг автобусанд зорчиж явсан хүнээс нь коронавирус илэрсэн. Одоо тухайн амралтад тусгаарлагдсан хүмүүсийг хэрхэн хянаж байгаа бол?

-Давтан шинжилгээг халдвар судлаач буюу клиникийн мэргэжлийн эмч нар зөвлөлдсөний үндсэн дээр авна.

Тусгаарлах байранд гэр бүлийн хүмүүсийг яах ч аргагүй нэг өрөөнд оруулж буй. Харин бусдыг нь заавал нэг, нэгээр нь тусгаарлах шаардлагыг Эрүүл мэндийн байгууллагаас тавьж байгаа. Тэрхүү шаардлагаар нэг, нэгээрээ тусгаарлагдсан бол тэд одоо аюулгүй. Шинжилгээгээрээ хянагдана.

Мөн тусгаарлах байранд ажиллаж буй эмч нар өдөр бүр тэдгээр иргэдийн шинж тэмдгийг хянадаг.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3698204353540866

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.