Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Зимбабвегийн засгийн газар цагаан арьст фермерүүдэд $3.5 тэрбумын нөхөн олговор төлөх гэрээг байгуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Зимбабве улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва

Өчигдөр буюу Лхагва гарагт Зимбабве улсын засгийн газар газраа булаалгасан цагаан арьст фермерүүдэд $3.5 тэрбумын нөхөн олговор төлөх гэрээг үйлдвэрчний эвлэлтэй байгуулжээ.

2000-аад оны үед ерөнхийлөгч агсан Роберт Мугабе колоничлолын дараа газрыг дахин хуваарилах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тус улсын цагаан арьст фермерүүдээс их хэмжээний газрыг булааж авсан гэдэг.

20 орчим жил үргэлжилсэн маргааныг өндөрлүүлэх түүхэн гэрээг байгуулж чадсанаа Зимбабвегийн ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мэдэгджээ.

Тохиролцооны дагуу $3.5 тэрбумын 50 хувь нь гэрээ батлагдсанаас хойш 12 сарын дотор төлөгдөх бол үлдсэн хэсгийг таван жилийн дотор төлөх гэнэ.

Гэхдээ хэт инфляцид идэгдэж, эдийн засаг нь гүн хямарсан Зимбабве улс энэ амлалтыг биелүүлж чадна гэдэгт олон хүн итгэхгүй байна.

Тус улсын сангийн яам урт хугацааны бонд зах зээлд гаргах, олон улсын доноруудаас мөнгө босгох замаар нөхөн олговрыг төлөхөө мэдэгджээ.

Гэрээнд заасан мөнгө нь үнэндээ алдагдсан газрын бодит үнэ өртийг бүрэн нөхөхгүй юм. 2017 онд цэргийн эргэлтээр Роберт Мугабег төрийн эрхнээс зайлуулсан ерөнхийлөгч Мнангагва ийм бэлгэдлийн чанартай гэрээгээр өмнөх дарангуйлагчийн үлдээсэн өвөөс салахыг оролдож байна гэж зарим ажиглачид дүгнэжээ.

 

Эх сурвалж: CNN